“Таян нуур”-ын уурхайн 550 гэрээт жолооч нарыг шинжилгээнд хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 850 гаруй иргэн хамрагдсанаас 550 нь “Алтайн хүдэр” ХХК-ийн “Таян нуур”-ын уурхайн гэрээт жолооч нар байна.
Харин бусдыг нь Улаанбаатар хот болон өөр аймгаас ирсэн иргэдэд тандалт судалгааны шугамаар хийсэн тухай Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас танилцууллаа. Шинжилгээнд хамрагдсан тэдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гарчээ. Гэхдээ түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр сөрөг гарлаа гээд тайвширч болохгүй, 14 хоног тусгаарлалтад байх ёстой гэдгийг ч анхааруулав.
Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас 18 сум тус бүрт 25 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хуваарилан илгээгээд байгаа аж. Ингэснээр аливаа сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл сумдын Эрүүл мэндийн төвийн лаборантууд хугацаа алдалгүйгээр анхан шатны шинжилгээнд хамруулж эрсдэлийг тооцоолох боломжтой юм хэмээн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа онцлон мэдээллээ.