Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний ойг тэмдэглэн өнгөрүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жил, Дундговь аймагт мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг холбоочид тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үеэр Монгол Улсын хүндэт холбоочид төрөв.
Холбоочид ойдоо зориулан спортын уралдаан тэмцээн, олон нийтэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг зохион байгуулж, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулсан бол өнөөдөр ойн хүндэтгэлийн хурал болж, үе үеийн холбоочид, шууданчид хүрэлцэн иржээ.
Ойн хурлыг нээж Дундговь аймгийн Холбооны газрын дарга Н.Баасанхүү хэлсэн үгэндээ, Монгол Улсад орчин цагийн мэдээлэл шуудан харилцаа холбооны салбар үүсч хөгжсөн тоолол 1921 оноос эхлэлтэй боловч Их Монгол Улсын үед өртөө улаа бий болж, мэдээлэл дамжуулах холбоо харилцааны үүргийг гүйцэтгэж байсан тухай түүхэн үеийг дурьдаад, Дундговь аймгийн хувьд 1942 он аймаг гал голомтоо асаахтай зэрэгцэн Харилцан нэвтрэлцэх хороо нэртэйгээр одоогийн Мэдээлэл шуудан харилцаа холбооны эхлэл тавигдан, хөгжиж ирснийг онцолсон юм. Тэр үед ганц хүлээн авагчаар 5 радио цэг ажиллуулж, Улаанбаатар Даланзадгадын чиглэлд 5 мм- ийн ган утас бүхий годон шугамыг ашиглан морзоор цахилгаан мэдээ нэврүүлж, Дэлгэрцогт Хулд, Буянт сумдтай оросын УНФ-1 аппаратаар телефон холбоо барьдаг байсан. Харин өнөөдөр Дундговь аймаг орчин үеийн техникийн дэвшил болох тоон системд бүрэн шилжиж, мобиком, скайтель, юнител, жи- мобайлийн хөдөлгөөнт холбооны сүлжээг бүх сумын иргэд ашигладаг болж, 2 сумаас бусад нь шилэн кабельд холбогдон өндөр хурдны интернэт ашиглах нөхцөл бүрдсэнийг онцлоод Мэдээлэл шуудан харилцаа холбооны өргөн үйлчилгээг ард түмэндээ хүргэн хөдөлмөрлөж буй 300 гаруй ажилтан алба хаагчиддаа ойн баярын мэнд дэвшүүлэв.
Ойн хүндэтгэлийн хурлын үеэр харилцаа холбооны салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа холбоочид шагнал хүртсэн юм. Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны газрын даргын тушаалаар Дундговь аймгийн холбооны газрын монтёр М.Цогтбаатар, МХХ-ны газрын ажилтан Б.Ганбаяр, Б. Цэгмид нар Монгол Улсын Хүндэт холбоочин цол тэмдгээр шагнуулсан бол тус газрын ажилтан Ц. Баасанжав, Луус сумын холбооны эрхлэгч Б.Батсайхан, аймгийн Холбооны газрын монтёр засварчин Б.Ууганболд, Эрдэнэдалай сумын холбоочин Ц.Бадамсүрэн, МХХ-ны газрын ажилтан Р.Баатар нар хүндэт жуух бичиг хүлээн авав.
Мөн аймгийн шуудан үйлчилгээний газрын ахмад ажилтан Ц.Чимэд Шуудангийн тэргүүний ажилтан, МХХ-ны газрын инженер Г.Чанцалням Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан боллоо.
T. Отгонтуяа