Коронавируст халдварын 26 тохиолдол нэмж бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 26-нд хийсэн шинжилгээгээр 26 хүнд коронавирус илэрчээ.
Нийт 18 031 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 9, Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 1, Дорноговь аймагт хоёр тохиолдол нэмэгджээ. Түүнчлэн ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн нэг ажилтан шинээр коронавирусээр халдварласан байна. Ингэснээр дотоодын халдвар 300 болж байна.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод бүртгэгдсэн хоёр тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан, батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүүхэд, бариа засагчтай хавьтал болсон хүн” гэдгийг тодотгов.
Дүүргүүдээр авч үзвэл, Баянгол дүүрэгт 16, Сонгонохйархан 19 , Баянзүрх 18, Сүхбаатар 12, Хан-Уул 7, Багануур 1, Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол тус тус бүртгэгдэж нийт 23 хороонд 65 тохиолдол бүртгэгджээ. Тэдний ойрын хавьтал 977 хүнийг илрүүлэн хяналт тандалт, шинжилгээ хийж байгаа аж.
Харин өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжжээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 738 болж байна. Үүнээс 347 хүн эдгэрээд байгаа юм. Ажиглалтад 24 хүн, гэрийн ажиглалтад нэг хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 384 хүн эмчлүүлж буйгаас нэг хүний биеийн байдал хүнд, аппаратад байна. Уг хүн 80 настай, сахарын диабеттэй, артерийн даралт өндөр, зүрх судасны архаг хуучтай боловч биеийн байдал тогтвортой байгаа аж. Хүнд тав, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн эмчлүүлж байна.