Иргэд орлоготой байх боломжийг бүрдүүлэх нь Төрийн нэг дэмжлэг

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-28 16:26:24

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах баг энэ сарын 23-26-нд Архангай аймагт зочилж, тус аймгийн бүтээн байгуулалтын ажил болон түүх дурсгалын газруудтай танилцлаа. Биднийг Архангай аймгийн Нутгийн удирдлагын ордонд зочлох үед самрын ченжүүд буюу самар худалдаачид ИТХ-ын дарга Ч.Мөнхбаттай уулзаж, санал хүсэлтээ илэрхийлж таарав.

Тус аймгаар аялсан тэмдэглэлээ та бүхэнд Архангай аймгийн сумд, Цэцэрлэг хот болон түүх, дурсгалын газрууд хэмээн гурван цуврал болгон хүргэхээр зэхэж байна. Харин доорх бяцхан сурвалжлагыг цаг үеийн чухал сэдэв хэмээн  үзэж  нэн түрүүнд хүргэж байна.

Самрын ченжүүд сум орон нутгийнхаа удирдлагуудтай гэрээ байгуулж, нэг кг самар тутамд 800 төгрөгийн татвар төлдөг аж. Тухайлбал, Архангай аймгийн Ихтамир суманд л гэхэд энэ сард 38 сая төгрөгийн татвар төлсөн тухай ченжүүд ярив.

Гэрээ байгуулахдаа 10 дугаар  сарын 15 хүртэл тээвэрлэлт хийхгүй байхаар тохирсон бөгөөд товлосон өдрөөс өмнө зөвхөн хадгалалт хамгаалалт хийхээр заажээ. Гэтэл аймгийн цагдаа болон байгаль орчны байцаагчид тэдний самрыг хурааж, битүүмжилжээ. Түүсэн самрыг хатааж, хадгалахгүй бол 4 хоногийн дотор муудаж, гахайн хоолноос өөр зүйлд ашиглах боломжгүй болдог тул битүүмжлэх нь санхүүгийн томоохон хохирол учруулж байгаа тухай ченжүүд ярьж байв.

Архангай аймагт энэ жил самрын ургац арвин байгаа тул Цэцэрлэг хотын нийт иргэдийн 30 орчим хувь нь самар түүж байна. Иргэд самраас олсон орлогоороо банкны зээлээ хаах, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж байгаа. Хуулийн дагуу бол 10 дугаар сарын 01-нээс самар түүх журмыг БОНХАЖЯ-наас гаргажээ.

Энэхүү журмаа эргэж харахыг нутгийн иргэд ярьж банйа. Аливаа дүрэм журам гаргахдаа амьдралд ойрхон байвал хэн хэндээ хэрэгтэй гэдгийг ч хэлж байв.

10 дугаар сарын 01-н гэхэд цаг агаар хүйтэрхээс гадна самар унаад, түүх боломжгүй болдог. Тиймээс иргэд самар түүх хугацааг 09 дүгээр сарын 15-н болгохыг  хүсээд байгаа гэж аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэллээ.

Тэрбээр, Самар түүх хуулийн хугацаа болоогүй байгаа тул аймгийн цагдаагийн алба хаагчид болон байгаль орчны байцаагчид иргэдийн түүсэн самрыг хурааж битүүмжилжээ. Энэ нь  иргэдэд их хэмжээний хохирол учруулах нөхцөл бүрдээд байгаа юм. Аймгийн удирдлагууд самар түүх хугацааг наашлуулах тухай хүсэлтийг БОНХАЖЯ-нд хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй.  Цагдаа, байгаль орчны байцаагч нарт хандаж  иргэдийн түүсэн самрын хураахгүй байхыг хүссэн. Самар түүж буй иргэдийг байгаль орчныг бохирдлоос хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор харилцан хяналт тавьдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагууд иргэдийн самрыг хураах бус эрсдлээс урьдчилан сэргийлэхэд нь зөвлөмж хүргүүлж ажиллах хэрэгтэй” гэлээ.

Малчин өрхүүд жилд ноос, ноолуураа борлуулдаг ч энэ нь зээл төлөх, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд хүрэлцдэггүй. Тиймээс байгаль эхийн хишгийг ашиглан амьдрал ахуйгаа өөд татах гэж зүтгэж яваа иргэдийн хувьд энэ нь тосоод авах боломж юм. Архангай аймгийн Жаргалант сум гэхэд 1100 тонн самрын нөөцтэй гэсэн судалгаа гарчээ. Ченжүүд нэг кг самрыг 5000 төгрөгөөр худалдан авдаг бөгөөд кг тутамд нь 800 төгрөгийн татвар төлдөг аж. Мөн самар бөөндөж авдаг аж ахуйн нэгжүүд кг тутамд 500 төгрөгийн урамшуулал олгодог байна. Энэ бол зөвхөн иргэдийн аж амьдралд төдийгүй аймаг, сумын төсөвт ихээхэн орлого оруулж байгаа тухай  ИТХ-ын дарга хэлсэн үгэндээ дурьдав.

Архангай аймгийн Хаан банкны салбар өдөрт 1 тэрбум төгрөг гаргахад самрын ченжүүдийг бүрэн хангаж чадахгүй байгаа тухай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Батмөнх ярив.

Тэрбээр, Банкууд өдөр бүр төвөөсөө нэмэлт мөнгө татаж байгаа. Банкны мөнгө хурдан дуусч байгаа тул иргэд 24 цагийн дараа захиалсан мөнгөө авч байна. Мөн дэлгүүр, захын бараа, бүтээгдэхүүн дуусч, борлуулалт ихээр нэмэгдэж байгаа зэргээр аймаг, сумын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болж байгаа. Гэтэл цагдаа, байгаль орчны байцаагчид иргэдийн түүсэн самрыг хураагаад байна. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд л гэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 300 тонн самар худалдан авах гэрээ байгуулах хүсэлт гаргасан. Үүнээс 240 сая төгрөгийн татвар сумын төсөвт төвлөрөх боломжтой. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед самрын татвараас сумынхаа орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлэх, шинэ бүтээн байгуулалт хийх боломж бүрдэнэ. Гэтэл хууль энэ боломжийг хаагаад байна” гэлээ.

Үүнээс гадна самар экспортолход кг тутмаас 3000 төгрөгийн татвар авна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг сааруулахад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг онцолж байв.

Аймгийн удирдлагууд ирэгдийн амьжиргааг бодсон ч, татвар, сум орон нутагт хуримтлах хөрөнгийг бодсон ч самрын борлуулалтыг дэмжмээр байгаа ч Байгаль орчны тухай хуульд захирагдаад шийдвэр гаргаж болохгүй байна.

Төр иргэдэд мөнгө өгч чадахгүй, татвар бууруулах боломж байхгүй. Тиймээс иргэд өөрсдөө орлоготой байх боломжийг  бүрдүүлэх нь зөв юм. Тийм учраас БОНХАЖЯ зөвхөн самар гэлтгүй бусад төрлийн жимс түүх хугацаа, хадгалалт, хамгаалалтын талаар гаргасан хууль, журмаа эргэн харж, цаг үетэйгээ уялдуулан өөрчлөх хэрэгтэй байна хэмээн Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэллээ.

Энэ үеэр ИТХ-ын дарга Ч.Мөнхбат аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, БОНХАЖЯ-нд хүргүүлсэн хүсэлтийн хариу иртэл цагдаа, байгаль орчны байцаагч нарыг иргэдийн самрыг битүүмжлэхгүй байх боломжийг бүрдүүлэх тухай ярилцах болно гэдгээ илэрхийлэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻
注释