Д.Нарангэрэл: Вакцин түгээх, хадгалах төлөвлөгөөг Шадар сайдад хүргүүлсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр, коронавирусний вакцин худалдан авах төлөвлөгөө болон халдвар авсан 11 эмч сувилагчийн биеийн байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариулсан юм.
-Монгол Улс коронавирусний вакцин худалдан авахаар төлөвлөж байгаа. Вакцин тээвэрлэх, хадгалах төлөвлөгөөг гаргасан уу?
Д.Нарангэрэл: Коронавирусний вакцин авах асуудлыг энэ сарын 7 сараас эхлэн хэлэлцэж, холбогдох байгууллагуудад асуудал тавьж, бэлэн байдлаа хангаж байгаа. Ингээд вакцин түгээх, хадгалах, дархлаажуулах төлөвлөгөөг гаргаж, Шадар сайдаар батлуулахаар УОК-т хүргүүлсэн. Монгол Улс дархлаажуулалтыг хугацаанд нь хийхээс гадна өмнө нь H1N1-ийн вакциныг ДЭМБ-ын шугамаар хамгийн түрүүнд авч байсан туршлагатай. Энэ туршлагадаа үндэслэн төлөвлөгөө болон бусад бүх зүйлээ бэлдэж байгаа.