Гэрийн ажиглалтад нийт 8484 хүн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд "COVID-19"-ээс урьдчилан сэргийлж нийт 2186 хүнийг тусгаарлаад байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдэгдлээ.
Ажиглалт: Манай улсад сүүлийн 24 цагийн байдлаар нийслэл дэх тусгаарлах "Ти жи эйс", "Сүнжин гранд", "Сэлбэ", "Мичид" гэсэн 4 байрнаас 55, орон нутагт Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгийн оролцуулаад нийт дүнгээр 120 иргэн гэрийн ажиглалтад шилжээд байна. Улсын хэмжээнд 175 иргэнийг өчигдөр гэрийн ажиглалтад гаргах ажлын зохион байгуулжээ.
"Сүнжин гранд"-аас өчигдөр гарсан 22 хүүхдийг Шуурхай штабаас нэгдсэн зохион байгуулалтаар унаа гарган хүргэж өгчээ. Өнөөдөр "Корпорайт", "Новотел", "Кемпинский" зочид буудлаас тусгаарлалтад байсан иргэдийг мөн гэрийн ажиглалтад шилжүүлж байна. "Бид иргэдийг ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, тэндээс ирүүлж буй албан ёсны албан бичгийг үндэслэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, гэртээ шилжиж буй иргэдийг 14 хоногийн ажиглалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сахих үүрэг чиглэл өгөн гарын үсгийг нь авч баталгаажуулж байна" гэв. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад нийслэлд 1273, аймаг, орон нутагт 7210, нийлбэр дүнгээр 8484 хүн байна.
Тусгаарлалт: Улсын хэмжээнд нийт 68 тусгаарлан ажиглах байр байгаагаас Улаанбаатар хотод 20, аймаг, орон нутагт 48 байр ажилллаж байна. Эдгээр байраас нийслэлд 1297, орон нутагт 889, нийлбэр дүнгээр 2186 хүн байна. Эдгээр иргэд нь ХӨСҮТ-өөс тохиолдол илэрсэнтэй холбогдуулан хавьталтай гэдгийг нь тогтоосон иргэдийн дүн мэдээ юм. Агаарын татан авалтаар ирсэн иргэдийн хувьд 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусч байгаа гэв.
Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд 52.876 метр ам дөрвөлжин талбайг халдваргүйжүүлээд байна. Энэ нь голомтын эцсийн халдваргүйжүүлэлт болон халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн халдваргүйжүүлэлт юм. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байгаа.
Сэлэнгэ аймгийн төв болон Мандал сумын дулааны станцад эвдрэл гарсантай холбогдуулан хөлдөлт, осол аваараас сэргийлж, Онцгой байдлын ослын бүлэг газар дээр нь ажиллажээ.