“COVID-19” халдварын тархалт ба хөл хорио
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын дэргэдэх эрдэмтдийн баг коронавирусний тархалтыг бууруулахад хөл хорионы дэглэм үр дүнтэй эсэхэд судалгаа хийсэн байна.
Дэлхийн улс орнууд цар тахалтай нүүр тулж өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 220 орны 65 сая 503 мянга 594 хүн “COVID-19”-өөр халдварлаж, 1 сая 510 мянга 867 хүн нас баржээ. “COVID-19” нь агаар дуслын замаар ойрын хавьтлуудад маш хурдтай тархдаг бөгөөд амны хаалт зүүх, зай барих, халдваргүйтгэх, олныг хамарсан үйл ажиллагааг хязгаарлан хөл хорио тогтоох зэрэг хариу арга хэмжээ чухал үүрэгтэй байгааг судалгааны дүгнэлтэд дурдсан байна.
Мөн цөөн хүн амтай, нөгөө талаар эдийн засгийн болон эрүүл мэндийн салбарын өнөөгийн чадавхаа тооцон Монгол Улсын Засгийн Газар өнгөрсөн хугацаанд хилийн хоригийг цаг алдалгүй эрт эхлүүлсэн нь 10 сар дотооддоо халдвар тархаагүй, зөвхөн зөөвөрлөгдсөн тохиолдолтой байх гол шалтгаан болсныг онцолсон байна. Улмаар өнгөрсөн сарын 11-нээс дотооддоо кластер голомт хэлбэрээр бүртгэгдээд байгаа бөгөөд энэ сарын 5-ны байдлаар нийт батлагдсан 842 тохиолдлын 45.5 хувь гадаадаас зөөвөрлөгдсөн үлдсэн нь дотоодын халдвар байна.
Шинэ Зеландад “COVID-19”-ийн анхны тохиолдол 2 дугаар сарын 26-нд бүртгэгдсэн бөгөөд 3 дугаар сарын дунд гэхэд хүн амын дунд халдвар тархаж буй нь илт болжээ. Тиймээс Шинэ Зеландын шийдвэр гаргагчид шинжлэх ухаанд суурилсан нөлөөллийн үр дүнд халдварыг устгах стратегид шилжиж, 3 дугаар сарын 26-нд улс даяар 5 хоног тогтоожээ. Үүний дараа бэлэн байдлын түвшинг нэгээр бууруулан 2 долоо хоносноос халдварыг хязгаарласан байна. Швед улс нь “COVID-19”-ийн эсрэг идэвхтэй ажиллагааг цөөн орны нэг бөгөөд иргэддээ ямар нэгэн албан шаардлага, хөл хорио тавилгүй зөвхөн зөвлөгөө, санамж өгсөн байна. үүний улмаас Швед нь дэлхийд хамгийн өндөр нас баралтын түвшинтэй орны тоонд багтаж байна.
Монгол Улс хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлсэн. Тухайлбал, Улаанбаатар хотод нийт 123 мянга 697 хүнийг шинжилгээнд хамруулснаас PCR шинжилгээгээр 42 мянга 971, түргэн оношлуураар 80 мянга 572 хүнийг хамруулаад байна.
Судалгааны дүгнэлтэд, “Бид дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өдөр тутмын батлагдсан тохиолдлын тоо, халдвартай холбоотой бусад параметрүүдийг ашиглан тухайн агшны бодит R (Reffective) утга буюу нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тоог тооцоолсон. Доорх зурганд Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт “COVID-19”9 өвчлөл бүртгэгдсэнээс хойших R утгуудыг хугацаагаар харууллаа.
Эндээс харахад анх Улаанбаатар дахь 1 халдвартай хүн 4, Сэлэнгэ аймгийн хувьд 8 хүнд халдвар тараах түвшинд байсан бол хөл хорионы туршид тогтмол буурсаар R утга нь 1 буюу түүнээс доош орох хандлага ажиглагдаж байна. Энэ хугацаанд батлагдсан шинэ тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэн хийснээр голомтолсон халдваруудын тархалтын хурд саарах төлөвтэй байна. Сүүлийн хоногуудад лабораторийн шинжилгээн дэх эерэг хувь буурч байгаа нь халдварын голомтыг үр дүнтэй хумьж чадсаныг илтгэж байгаа боловч нууц үеийн хугацаандаа буй илрээгүй тохиолдлууд байх боломжтой юм. Сэлэнгэ аймаг дахь өвчлөлийн тархварзүйн нөхцөл байдал нь бусад аймаг, Улаанбаатар хотоос нэлээд ялгаатай байгаа тул тусгайлсан тандалт-судалгаа хийж үзэх шаардлагатай юм. Халдварт өвчний дэгдэлт санамсаргүйгээр, маш хурдан явцтай өрнөх боломжтой тул өвчлөлийн байдлыг өдөр тутам хянах шаардлагатай. Дэлхий нийтэд “COVID-19” халдварыг бууруулах, тэмцэх үр дүнтэй аргад зай барих, хөдөлгөөн хязгаарлах, эрүүл мэндийн болон нийтийн эрүүл мэндийн чадавхыг сайжруулах нь хамгийн үр дүнтэй гэж үзэж байна. Хэрвээ одоогийн тархварзүйн нөхцөл байдлыг бид дараагийн 7 хоног хэвээр нь хадгалж чадна гэж үзвэл өвчлөл бүртгэгдсэн аймаг, хотын бэлэн байдлын зэрэглэлийг дахин авч үзэх шаардлагатай юм” хэмээжээ.