"COVID-19" халдварын нэг тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн нян судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын болон хоёр автолаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 11-нд 17529 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ийн сувилагчийн шинжилгээгээр илрээд байна.
Нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул болон Дорнод, Дорноговь, Говь-Сүмбэр, Архангай аймаг сүүлийн 24 цагийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Ингэснээр:
- нийслэл Улаанбаатар хотод халдварын голомтлон гарсан кластер өвчлөлийн 138 тохиолдол,
- Сэлэнгэ аймагт 208 тохиолдол,
- Дархан-Уулд 45,
- Дорноговьд 31,
- Орхон аймагт 25,
- Говь-Сүмбэр аймагт 4,
- Архангай аймагт 3 тохиолдол бүртгэгдээд байгааг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр өнөөдөр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Улсын хэмжээнд кластер голомтлон гарч буй өвчлөлийн нийт тохиолдол 454, нийт улсын хэмжээнд корона вирусний батлагдсан тохиолдол 906 болж байна.
Нийт эдгэрсэн 384 хүн, ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32, ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 322 хүн байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт батлагдсан тохиолдлын 513 хүнийг эмчилж байна. Үүнээс хөнгөн 430, хүндэвтэр 77, хүнд 5, маш хүнд байдалд 1 хүнийг эмчилж байна.
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт маш хүнд болон хүнд хүн байхгүй, хүндэвтэр 26, хөнгөн 136, нийт 162 хүнийг, Цэргийн төв эмнэлэгт 213 хүнийг эмчилж байна. Энд маш хүнд байдалд 81 настай нэг хүн, хүнд 5 хүн эмчлүүлж байгаа нь 50, 51, 78, 80, 86 насны хүмүүс байна. Хүндэвтэр 51, хөнгөн байдлаар 156 хүн эмчлүүлж байна.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдлын 13 хүн эмчлэгдэж байгаагаас хүндэвтэр 1, хөнгөн 12 хүн байна. Хан-Уул дүүрэг дэх 300 ортой эмнэлэгт хөнгөн 125 хүн эмчлэгдэж байна.
注释