ХӨСҮТ-ийн халдварт өртсөн гурван ажилтан эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2020-12-13 12:06:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн гурван ажилтан коронавирусээр халдварласан нь энэ сарын 8-10-нд тогтоогдоод байна.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр энэ талаар тайлбар хийсэн. 

"Эхний хүн Шуурхай хариу арга хэмжээний багийн ажилтан бөгөөд батлагдсан тохиолдлын орон байр, зөөвөрлөсөн машин, орчинд ариутгал, халдваргүйтгэл хийдэг. Түүний ойрын харилцагч 29 хүнийг тусгаарлан, 2 дахь давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.


Удаах нь тусгаарлалтад байгаа хүний сорьц цуглуулж, дугаарлах ажил эрхэлдэг лаборант. Тусгаарлалтаас гарч, гэртээ нэг хоноод вирус илэрсэн тул ойр харилцсан 44 хүнийг тусгаарлахад  эхний шинжилгээгээр вирус илрээгүй байгаа аж.


Гурав дахь тохиолдол нь ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн туслах сувилагч. Тэрбээр энэ сарын 7-нд вирус илрээгүй гээд тусгаарлалтаас гарсан ч 10-нд онош батлагджээ.


Энэ гурван ажилтны ойр харилцсан 94 хүнийг тусгаарлан ажиглах байранд шинжилгээ хийхэд хариу нь одоогоор “сөрөг” гарчээ.


Дэлхий дахинд коронавируст халдвартай хүнд үйлчилдэг эмнэлгийн эмч ажилчдын 12-13 хувь нь халдварт өртсөний 48 хувь нь сувилагч, 25 хувь нь эмч гэсэн судалгаа бий. Зарим улсад 35 хувь нь өртөж байгаа бол манай улсад 1,9 хувь халдварт өртжээ.  Үүний 16 хувь нь их эмч, 39 хувь нь сувилагч, лаборант,  44 хувь нь туслах ажилтан, ариутгагч, үйлчлэгч байгаа аж.  


ДЭМБ-ын судалгаагаар эмнэлгийн орчин, олон нийт, гэр бүлээс халдварт өртөх магадлал өндөр учир тодорхой зөвлөмж өгчээ.


“ХӨСҮТ ажилтнуудаа тасралтгүй сургалтад хамруулж, хамгаалах хувцас хэрэгслээр ханган, эмч ажилчдын дунд тандалт шинжилгээг ойрхон хийж, эрсдэлийг тооцон, тусгай ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Халдварын голомт, дэгдэлтийг хянахад хоорондоо холбоогүй, алаг цоог өвчлөл илэрдэг. Иймд тархалтыг хязгаарлахад иргэд амны хаалт зүүх, зай барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх нь чухал. Ямар нэг байршил, хамаарахгүй энд тэндээс халдвар гардаг тул хүн бүр сэрэмжтэй байж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллага боломжтой бол ажилчдаа гэрээс нь ажиллуулах, ажлын байранд халуун хэмжих, шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах, энэ тухайгаа мэдээлэх хэрэгтэй"-г А.Амбасэлмаа анхаарууллаа.

 

相关新闻