Якутын бөх Виктор Лебедев Олимпийн тоглолтод оролцохоос татгалзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenechimeg@montsame.mn
2016-06-01 17:37:57

Тавдугаар сарын 27-29-нд Якутад Орос улсын эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн билээ. Барилдаанд эхний дөрөвт шалгарсан тамирчид 2016 оны Зуны Олимпийн наадамд оролцох эрхтэй болсон юм.

Барилдааны  57 кг жинд Якутын бөх Виктор Лебедев Дагестаны бөх Исмаилом Мусукаевыг 4:3-ын харьцаатай ялсан. Гэтэл барилдаан дуусах мөчид Мусукаев хилэгнэж, өрсөлдөгчөө түлэхснээр дэвжээн дээр зодоон болж, улмаар ОМОН /тусгайгийнхан/ ирж салгаж байсныг  ТВ-ээр дамжуулсан.Үүнээс болж Дагестаны баг тамирчид цаашид тэмцээнд оролцох боломжгүй  тухайгаа шүүгчдэд мэдэгдэж, эсэргүүцэл илэрхийлжээ.Тэдний үзэж буйгаар, барилдааныг шүүсэн Монголын  шүүгч хэд хэдэн удаа ноцтой  шийдвэр хийсэн гэнэ. (Энэ тухай оросын BFM уламжлав).

Ингээд  шүүгчдийн тусгай  комисс 2 цагийн турш  барилдааны дүрс бичлэгийг нягтлан  үзэж, 57 кг жинд Дагестаны бөх Мусукаев түрүүлсэн болохыг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ өмнөх ялагчийг хэвээр үлдээсэн байжээ.

Тэгвэл 5 дугаар сарын 31-ний өдөр чөлөөт бөхийн  ДАШТ-ний хоёр удаагийн аварга, Оросын 6 удаагийн аварга алдарт бөх Виктор Лебедев Бразилийн Зуны Олимпийн наадамд оролцохгүй хэмээн шийдвэр гаргаад байна гэж сурвалжлагчид ярьжээ. Түүнийг ийм шийдвэр гаргасаныг дасгалжуулагч нь ч мэдээгүй байжээ. Хэвлэлд бичиж буйгаар, Лебедевийн гэнэтийн энэхүү шийдвэр нь  сэтгэлийн хөдлөлөө барьж чадаагүйн  улмаас юм уу, аль эсвэл дарамт шахалтын улмаас байж болзошгүй аж. 

Орос улсын Бөхийн спортын холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили хийсэн тайлбартаа,

”Лебедев, Мусукаев нарын барилдааныг шүүсэн шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажлаас нь өөрчилсөн байгаа. Сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөхгүй байцгаая. Оросын аварга шалгаруулах тэмцээнд ялна гэдэг нь Олимпийн наадамд үг дуугүй ялах тийз авч буй хэрэг огт биш. Үүний тулд тамирчин нэлээд хэдэн тэмцээнээс тогтвортой амжилт гаргах ёстой байдаг. Манай холбоо шигшээ багийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ ухаалаг, хариуцлагатай хандана гэдэгт итгэлтэй байна. Лебедевийн хувьд тайвширч байгаад сонголтоо хийнэ гэдэгт  итгэлтэй байна” гэжээ.

Москва хот. А.Огторгуймаа

相关新闻