БЗД-ийн эмнэлгийн голомтод 1136 хавьтлыг тогтоон шинжилгээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-21 11:57:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


 -Европын орнуудад мутацид орж хувьссан вирус дэгдэж байгаа тухай олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байна. Манай улсад тархаж буй вирус Уханиас гаралтай юу, эсвэл хувьссан вирус дэгдэж байна уу?

 -Д.Нарангэрэл: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээр, Англи улсад мутацид орсон коронавирус өвчлөл үүсгэж байна. Энэ вирусний халдварлах, тархах чадвар нь харьцангуй өндөр, харин хүндрэл бага байна гэсэн мэдээллийг ДЭМБ өгсөн. Харин өчигдрөөс энэ вирус Дани, Итали Африкийн орнуудад гарч байгаа тухай мэдээлж буй. Вирус анх гарснаасаа хойш жижиг жижиг хэмжээний уургийн мутацитай байсан. Харин энэ бол арай өргөн хүрээнд хувьсалд орсон гэсэн мэдээлэлтэй байна. ДЭМБ болон Английн эрдэмтэд судалж байгаа.


-Баянзүрх дүүргийн тохиолдол нэмэгдэж байна. Хэд нь дотроос, хэд нь гаднаас гэхчлэн хаанаас илэрч байгаа вэ?

-А.Амбасэлмаа: БЗД-т коронавирусний халдварын 62 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 12 нь эмнэлгийн эмч, ажилчид, 6 сахиур, 8 хүн 12 дугаар сарын 11-16-нд эмчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан хүмүүс. Үлдсэн нь эмнэлэг дотор байгаа өвчтөнүүд байна. Энэ сарын 16-ныг хүртэлх хугацаанд эмнэлгээс гарсан хүмүүсийг давхар шинжилж байгаа. Өмнө нь эдгэрч гарсан иргэд байвал ХӨСҮТ-д хандах хэрэгтэй. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод гарсан халдварын нийт 1136 хавьтлыг тогтоон шинжилгээ авч байна. Цаашид энэ сарын 8-16-нд эмнэлгээс гарсан 300 гаруй хүн байгаа. Тэднийг тандаж судална.


-ХӨСҮТ-ийн сувилагч 11 дүгээр  сарын 6-нд халдварласнаас хойш одоогоор 41 эмч, эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлаад байна. Тэдний 10 гаруй нь Сэлэнгэ аймгийн эмнэлгийн эмч, ажилтан  гэсэн мэдээлэл байна. Тэд эмнэлгийн орчноос халдварласан уу эсвэл өмнөх батлагдсан тохиолдолтой ойр байсан хүмүүс үү?

 

-А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгаас 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Ер нь Сэлэнгэ аймагт БЗД-тэй ойролцоо, эмнэлэгт нь эхний тохиолдол бүртгэгдсэн. Тухайн үед эмнэлгийн зарим ажилтан  өртсөн. Таван хүн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааны явцад, бусад хүмүүс батлагдсан тохиолдолтой ойр харьцсан учраас халдварт өртсөн.

相关新闻