Д.Нарангэрэл: Эмнэлгийн ажилтнууд ажлаасаа халшрах хам шинжид өртөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажлын ачаалал, сэтгэл зүйн дарамт их байх, нүдэн дээр нь өвчтөн олноороо өвдөж, эндэх зэргээс болж дэлхий даяар эмнэлгийн ажилтнууд жил гаруй хугацаанд ажлаасаа халшрах хам шинжид өртөж байгаа аж.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “COVID-19” халдвар гарч нэг жил боллоо. Дэлхий дахинд өмнө нь олон цар тахал гарч байсан ч бүтэн жилийн хугацаанд үргэлжилж байгаагүй. Тиймээс шинэ тулгамдсан асуудал болж байна. Үүнтэй холбоотой дэлхийн нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд өөрчлөлт гарч, цар тахлын үеийн стресс үүсэж байна. Энэ нь уурлах бухимдах, нойргүй болох, хүн хоорондын харилцаа өөрчлөгдөх зэрэг асуудал гарч байна. Мөн эмнэлгийн ажилчдын хувьд сэтгэцийн шинэ өөрчлөлт гарч байгаа. Энэ нь ажлаасаа халшрах хам шинж юм. Ажлын ачаалал, сэтгэл зүйн дарамт их байх, нүдэн дээр нь өвчтөн олноороо өвдөж, эндэх зэргээс болж эмнэлгийн ажилчид жил гаруй хугацаанд ажлаасаа халшрах хам шинжид өртөж байна. Үүнээс болж эмнэлгийн ажилтнууд халдвар авч, ядаргаанд орж байгаа нь судалгаагаар илэрсэн” гэв.
Иймээс ЭМЯ-наас нэгдүгээрт,
эмч нарт сэтгэцийн эрүүл мэндийн талаар зөвлөмж зөвлөгөө өгөх, хоёрдугаарт ар
гэрт нь болон өөрт нь мөнгөн урамшуулал өгөх, гэр, орон сууц хөнгөлөлттэй
олгох, ажлын ачааллыг багасгах, эмч, эмнэлгийн ажилтанд нөхөн хангалт хийх, хоёрдугаар
шатны ээлжийн хүмүүсийг бэлтгэж байгааг тэрбээр дурдсан юм.
Коронавирусний халдвар эрчтэй тархаж байгаа учир дэлхий дахинаа туршлагатай, ажиллаж сурсан эмч, эмнэлгийн ажилчдаа ажиллуулах хандлагатай байна. Иймд ЭМЯ, шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд үндэслэн аль болох эмнэлгийн ажилчдыг халдвараас сэргийлэх ажлыг хийж байгааг мөн тэрбээр онцлов.