Говьсүмбэр, Архангай аймагт 22 хоног халдвар бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-22 12:01:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Монгол Улсад бүртгэгдсэн нийт голомтоос хэд нь бүрэн хумигдсан бэ?

 

-А.Амбасэлмаа: Монгол Улсад 11 дүгээр сарын 11-нээс коронавируст халдвар бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой Улаанбаатар хот, зургаан аймагт голомт бүртгэгдсэн. Анхны голомт аймгуудад кластер хэлбэрээр өвчлөл бүртгэгдсэн учир хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр зарим голомт хяналтад орсон. Тухайлбал, Говьсүмбэр, Архангай аймагт 12 дугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдээгүй. Эдгээр аймагт 22 хоног халдвар бүртгэгдээгүй гэсэн үг. Өмнө нь хэлж байсанчлан, халдварын нууц үеийн хугацааны 14 хоногт хатуу хөл хориотой, хатуу дэглэмтэй ажиллана. Энэ үед халдвар авсан эрсдэл бүхий хүмүүс олон байдаг учир 14 хоногт ойрын хавьтлыг тандан судалдаг. Үргэлжлүүлээд 14 хоногт хяналт тандалт хийх бөгөөд алаг цоог байдлаар халдвар гарах эсэхийг хянадаг. Тэгэхээр Говьсүмбэр, Архангай аймагт хяналт, ажиглалт хийж байна. Мөн Дархан-Уул аймагт 12 дугаар сарын 4-нөөс хойш өвчлөл бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод өмнө гарсан голомтын 14 хоногийн нууц үеийн хугацаа дуусаагүй. Үндсэндээ өмнөх голомтуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байсан.

 

-Франкфурт хотоос ирсэн халдвартай тохиолдлууд нь Их Британид тархаад буй мутацид орсон вирусээр халдварласан байж болзошгүй гэх таамаг гарч байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр мэдээлэхдээ, Монгол Улс коронавирусний мутацийг илрүүлэх боломжгүй гэсэн. Вирусний хувьслыг тогтоохгүйгээр вакцин захиалах нь хэр оновчтой вэ?

 

Д.Нарангэрэл: Англи улсаас гаралтай Дани, Швед болон Европ, цаашлаад Африкийн орнуудад хувьсалд орсон коронавирусний халдвар гарч, харьцангуй их тархалттай байна гэсэн судалгаа гарсан.

 

ДЭМБ-ын өчигдрийн мэдээллээр, Англи болон Европод шинэ омгийн коронавирус халдварлаж байна. Африкийн орнуудад гарч байгаа нь арай өөр төрлийн вирус байна. Үүнийг судалж байгаа. Гэхдээ энэ бол коронавирусний мутацид орсон нэг хэлбэр гэж үзэж байгаа. Ер нь, дэлхий дахинд Уханиас гаралтай коронавирус жижиг жижиг өөрчлөлтөд орж байсан. Гэхдээ Англи улсад гарсан вирус генийн мутацид орсон байж магадгүй байна. 

Уханийн вирус гарснаас хойш дэлхий дахинд найман кластер багц байна гэж үзэж байсан. Манай орны хувьд,  дөрөвдүгээр сарын сүүлчээр судалгаа хийж Европ руу явуулахад нэг нь бүртгэлд орсон. Энэ талаар Монголын вуруслогийн академич маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

 

相关新闻