ДЭМБ олон улсын кино наадмаа зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас "Health for All" кино наадмын уралдааныг зарлав. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй кино наадмын тэргүүн шагнал нь 10 мянган ам.доллар тусгай шагнал нь 5 мянган ам.доллар байх бөгөөд "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт", "Эрүүл мэндийн ноцтой байдал", "Эрүүл мэнд-сайн сайхан байдал" гэсэн гурван төрлөөр зарлажээ.
Уралдаанд оролцох кино бүтээл нь 3-8 минут, анимэйшн нь 1-5 минутын хугацаатай, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ирж буй оны нэгдүгээр сарын 30-ны дотор гарч олон нийтэд цацагдсан байх аж. Кино уралдааны сэдвийг дахин танилцуулвал:
- "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт" сэдвээр сэтгэцийн эрүүл мэнд, халдварт бус өвчин, эрүүл мэндийн ноцтой байдлаас бусад үеийн халдварт өвчин зэрэг бүх нийтийн эрүүл мэндийн хамралттай холбоотой кино/анимэйшн;
- "Эрүүл мэндийн ноцтой байдал" сэдвээр "COVID-19"-ийн цар тахал, байгалийн гамшиг зэрэг эрүүл мэндийн ноцтой байдалтай холбоотой кино/анимэйшн;
- "Эрүүл мэнд, сайн сайхан байдал" сэдвээр хоол тэжээл, эрүүл ахуй, бохирдол, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг эрүүл мэндэд нөлөөлдөг хүрээлэн буй орчин, нийгмийн тодорхойлогч хүчин зүйлсийн талаарх кино/анимэйшн бүтээлүүд орох аж.