Баянзүрх дүүрэгт шинжилгээ авах хугацааг 30-ныг дуустал сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-29 16:09:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын голомт болоод буй нийслэлийн Баянзүрх дүүрэгт "COVID-19"-ийн шинжилгээг 12 дугаар сарын 21-нээс эхлэн авч байгаа юм. 


Тус дүүрэгт энэ сарын 27 хүртэл нийт 80 мянган хүнийг шинжилж хамруулахаар төлөвлөөд байв. Гэвч өнгөрсөн 24 цагийн байдлаар халдвар илрүүлэх, тандах зорилго бүхий өргөтгөсөн шинжилгээнд 58.5 мянга, өнөөдөр 12 дугаар сарын 29-ний байдлаар 61.4 мянган иргэн хамрагдаж, нийт иргэдийн хувьд шинжилгээ өгөх байдал хангалтгүй байгааг НОК-оос мэдээллээ. Тийм учир өргөтгөсөн шинжилгээ авах хугацааг 12 дугаар сарын 30 буюу маргаашийг дуустал сунгаад байна. 


Өчигдөр Нийслэлийн Засаг дарга болон НОК-оос шийдвэр гарган бусад дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эмч, ажилтнуудыг Баянзүрх дүүрэгт дайчлан явуулын баг ажиллаж эхэлжээ. Явуулын багийг нэмж ажиллуулан шинжилгээнд хамрагдаж чадаагүй болон архаг өвчтэй, гэрээсээ гарах боломжгүй иргэдийн шинжилгээг гэрээр нь авч байгааг мэдээллээ. Мөн шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдан халдвараас урьдчилан сэргийлэхийг НОК-оос уриалж байна. 


Шинжилгээний цэг бүрт 2 лаборант ажиллаж бүртгэн, мэргэжлийн хяналтын 2 ажилтан халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, заавар зөвлөгөө өгч байна. "COVID-19"-ийн халдварыг илрүүлэх өргөтгөсөн шинжилгээг дүүргийн ЕБС-иудын байранд 09.00-17.00 цаг хүртэл авч байна. 



相关新闻