"Сонирхолтой амьтан, ургамал" ном Брайль үсгээр хэвлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-06-02 16:58:50

Хүүхдийн зохиолч Н.Энхтайваны цуврал бүтээлүүдийн нэг болох “Сонирхолтой амьтан, ургамал” хэмээх номыг брайль үсгээр хэвлэн гаргав.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны хүүхдийн баярын арга хэмжээг тохиолдуулан 116 дугаар тусгай сургуулийн анхны уншигч 20 сурагчид уг номын дээжийг гардуулжээ. Монгол улсад нийт 23 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдгаас 7400 нь сургуулийн насны хүүхэд залуус байдаг. Тэдний сургалтын орчинг бүрдүүлэх, ерөнхий боловсрол эзэмшихэд нь брайль үсгээр хэвлэгдсэн ном сурах бичиг дутагдалтай байдаг. Иймээс ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас МХҮХ-ны хүсэлтээр харааны бэрхшээлтэй хүүхэд залуусын байгаль орчин, биологийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой ном, сурах бичиг гаргах төслийг ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Энэхүү номыг хараагүй болон сул хараатай хүүхэд багачуудын оюуны мэлмийг тэлэх зорилгоор хурууны өндгөөр тэмтрэн унших хурууны өндөгөнд мэдрэгдэхүйц цэгүүдийн нийлэмж болох товгор үсгэн текст, зурагтай, мөн эцэг эхчүүд багш нарт хүүхдийнхээ уншсан зүйлийг нягтлахад нь зориулж, өнгөт зураг, крилл үсэгтэйгээр тусгай форматаар хэвлэжээ.

Уг номыг ХААН Банк сангаас брайль хэл дээр гаргах төслийг санхүүжүүлснээр нийслэлийн тусгай сургууль, цэцэрлэгүүд, төв номын сангийн хараагүйчүүдийн брайль уншлагын танхим болон хөдөө орон нутаг дахь төв номын сангуудад номыг түгээж, харааны бэрхшээлтэй хүүхэд багачуудад зориулсан ном, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүллээ.

ХААН Банк сан нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон төсөл хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Тухайлбал, 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Амьдрах сайхан” өдөрлөг арга хэмжээ, сонсголын бэрхшээлтэй иргэдийн уран зургийн үзэсгэлэн худалдаа, аутизмтай хүүхдүүдэд зориулсан сургалтын болон эмнэлгийн тоног төхөөрөмж, хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнд Монголд анх удаа үйлдвэрлэсэн тэргэнцэр хандивласан юм.

Д.Өлзий

相关新闻