Стандартад нийцсэн замтай бол 25 км замыг нэг цагийн дотор туулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Унадаг Дугуйн фестиваль 2016” сарын аяныг өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
Унадаг дугуйн хэрэглээг нэмэх үүднээс Зам тээврийн сайд, БОНХАЖ-ын сайд, ЭМС-ын сайд, Улаанбаатар хотын захирагч болон Монголын авто замчин залуучуудын холбоо хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч 5 дугаар сарын 30-нд байгуулжээ. Аяны хүрээнд өнөөдөр “Унадаг дугуй ба эрүүл мэнд” хэлэлцүүлгийг Авто тээврийн үндэсний төвд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр унадаг дугуйн зам болон эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэдэгт оролцогсод санал нэгдлээ. Маргааш 16 цагаас “Унадаг дугуйтай парад” Чингисийн талбайд болно.
Монголын Автозамчин холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан хэлэхдээ: “Монголд хэрэгждэггүй хоёр тэмдэглэгээ бий.Нэг нь хурдны замын тэмдэглэгээ нөгөө нь дугуйн зам. Бид унадаг дугуйн тээврийн эрх зүйг дэмжсэнээр эрүүл, утаагүй, стрессгүй, эдийн засгийн хэмнэлттэй орчин бүрдүүлэх бололцоотой юм"
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Энхтулга ярихдаа, “Би тэтгэвэртээ суусан хүн. Миний хөл дүүжилдэг ганц унаа бол дугуй. Гэвч дугуйн зам хоёр дугуйтай хүн зөрөхөд ч хэцүү нарийхан. Юм хийж эхэлж байгаа нь сайшаалтай ч шаардлага хангахгүй хэвээр байна. Хэрвээ энэ нөхцлийг бүрдүүлчихвэл хүн бүр унадаг дугуйгаар зорчино. Эхлээд Хотын удирдалгуудыг дугуй унаж эхлэхийг уриалж байна” гэв.
2015 оны байдлаар Улаанбаатарт 30 мянга гаруй унадаг дугуйтай иргэн бий гэсэн судалгаа гарчээ. Хотын нэг захаас нөгөө зах хүртэлх 25 км газарт стандартад нийцсэн унадаг дугуйн замаар ганцхан цагийн дотор л туулах боломжтойг албаныхан хэллээ.
Г.Уранчимэг