Чингэлтэй дүүрэгт PCR шинжилгээний лаборатори байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-01-12 14:56:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс ЭМЯ-аас дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулах ажлыг зохион байгуулж байна.


Даваа гарагт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид ажиллав.



Энэ үеэр тус төвийн шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхцөл байдалтай танилцжээ.


Молекул биологийн лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бүрэн боломжтой болж байна.


Энэ лаборатори зөвхөн коронавируст халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замын эмгэг, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учир эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.


相关新闻