Дэлхийн хүн амын 60-70 хувийг вакцинжуулснаар коронавирусний тархвар зүй өөрчлөгдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-14 11:36:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд коронавирусний вакцин хэрэглээд сар гаруй болж байгаа боловч коронавируст халдварын тархвар зүйн муруйд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Тиймээс дэлхийн хүн амын 60-70 хувь нь хамрагдаж байж коронавирусний тархвар зүйд өөрчлөлт орно хэмээн ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээллээ.


Одоогоор Канад, АНУ, Их Британи, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрайн, Беларусь зэрэг дэлхийн 46 оронд 28 сая хүн тун вакциныг хэрэглэж эхлээд байна.

Хөгжүүлэлтийн шатанд 232 вакцин байгаагаас, эмнэлзүйн туршилтад 172 вакцин оржээ. Эдгээрээс 60 вакцин эмнэлзүйн туршилтаа давж, сайн хөгжүүлэлттэй явж байна.

Файзер вакциныг ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 31-нд олгосон байна.

ОХУ, БНХАУ өөрийн орны вакциныг өргөн хэрэглэж байна. Тухайлбал, ОХУ-ын Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн судалгааны төвийн аденовируст суурилсан “Спутник В” вакцин, БНХАУ-ын  Синовак, Синофарм вакциныг өөрийн орноос гадна дэлхийн нэлээн оронд хэрэглэж байгаа юм.

Вакцин хийлгэсэн ч гэсэн гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих гэсэн гурван алтан зарчмыг бүгд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэдийгээр вакцин дэлхий дахинд хангалттай хийсэн ч эдгээр аргыг хамт хэрэглэж байж үр дүнд хүрнэ гэдгийг ДЭМБ анхааруулсан байна. Ялангуяа, 2021 оныг хүн хоорондын зай барих арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлэх он болох ёстойг ДЭМБ зөвлөжээ.

相关新闻