НҮБ-ийн Хүн амын сан болон Рио Тинтой Монгол компани PCR шинжилгээний 4 лаборатори байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рио Тинто Монгол ХХК-ийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар, Оюу Толгой ХХК болон НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад PCR буюу полимераз гинжин урвалын (ПГУ) 4 лаборатори байгуулна.
“Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын ЭХЭМҮТ, Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн Замын Үүд сумын нэгдсэн эмнэлэгт уг лабораторийг байгуулах бөгөөд эхний тоног төхөөрөмж өнгөрсөн бямба гарагт Монгол Улсад иржээ. Ингэснээр Монгол улсын хүн амын төвлөрөл хамгийн их Улаанбаатар хот болон эдийн засаг, гадаад худалдаанд чухал ач холбогдолтой хилийн бүс нутагт “COVID-19”-ийн оношилгооны лабораторийн хүчин чадал өсөх юм.
Төслийн хүрээнд PCR молекуляр биологийн лабораторийн үйл ажиллагааг био аюулгүйн байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 17 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээр хангах юм. Эдгээр PCR лабораторийг “COVID-19”-ийн шинжилгээ төдийгүй хавдрын эс тоолох, элэгний B, C вирус зэрэг бусад халдварт өвчний оношлогоо, илрүүлэгт өргөн ашиглах боломжтой. Үлдсэн тоног төхөөрөмжийг энэ сард болон 2 сарын дундуур бүрэн оруулж ирэх бөгөөд төхөөрөмжүүдэд хяналт шалтгалт хийж, лабораторийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсны дараа “COVID-19”-ийн шинжилгээнд ашиглах юм.