Монгол Улс сүүлийн 15 жилд БНЭУ-д үйлдвэрлэсэн олон төрлийн вакциныг хэрэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-01-20 12:47:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ манай улсад "Ковид-19" цар тахлын вакцин нийлүүлэхээ мэдэгдээд байгаа. Дэлхийд эм, вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг Энэтхэг улсаас Монгол Улс сүүлийн 15 жилд олон төрлийн дархлаажуулалтын вакцин авч хэрэглэж байгаа аж. 


Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр, "Энэтхэг улсын хувьд эм, вакцины үйлдвэрээр дэлхий дахинд тэргүүлэх түвшинд байдаг. Манай улс сүүлийн 15 жилд тус улсад үйлдвэрлэсэн, гуравт, тавт вакцин болон улаанбурхны вакциныг хэрэглэж тодорхой үр дүнтэй болох нь батлагдсан. Энэтхэгийн Ковакс хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэсэн 2 вакцин нь клиникийн туршилтыг даваад гарчихсан. ЭМЯ-наас ДЭМБ-тай хамтран 140 эмч, мэргэжилтнийг энэ вакцины үйлдвэрлэл болон түүнийг хэрэглэх заавартай танилцуулах 2 өдрийн цахим сургалтад хамруулж эхэлсэн" гэж мэдээллээ.


Мөн хэвлэлийн хурлын үеэр, Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тээвэрлэх тусгай журмын талаар мэдээлэл өгөв. Энэ ажлыг Эрүүл мэндийн сайд болон ХӨСҮТ-ийн захирлын тушаалаар баталсан журмаар гүйцэтгэдэг байна. Зөөвөрлөгч эмч, эмнэлгийн ажилтнууд иж бүрэн хамгаалалтын тусгай хувцас өмсдөг.  Харин халдварын эрсдэлтэй тухайн хүнд маск, бээлий өмсгөн тээвэрлээд ХӨСҮТ-ийн клиникийн ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг ажээ.



相关新闻