Монголын Үндэсний музейд 60 суудалтай кино танхим нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-06 14:40:20

БСШУЯ-ны дэмжлэгээр Монголын Үндэсний музейд “Мини кино театр”-ыг суурилуулан өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгөв.

Соёл урлагийн байгууллагууд тэр дундаа музейд кино театр ашиглалтад оруулснаар үзэгчдэд Монголын түүхэн кинонуудыг музейн үзмэрийн дэглэлт, үзүүллэгтэй хослуулан дуу дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авч үзэх таатай боломжийг бүрдүүлж байна. 

Уг театр нь нийт 44 сая төгрөгийн өртөг бүхий, 60 хүний суудалтай, Япон улсад үйлдвэрлэсэн, иж бүрэн тоног төхөөрөмжтэй Панасоник брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэлтэй аж.

“Мини кино театр”-ыг нээж БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр хэлэхдээ, "Соёлын үнэт бүтээлийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэхэд хувь хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгж, яам тамгын газрын оролцоо, дэмжлэг туслалцаа ихээхэн үүрэгтэй байдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх музейд мэргэжил аргазүйн зөвлөгөө, чиглэл өгч ажилладаг Монголын Үндэсний музейд анхны мини кино театрыг суурилуулж байна. Ингэснээр музейн үйлчилгээ шинэ түвшинд гарч байна" гэлээ.

Энэхүү кино театр нь Музейд байгаа Монгол түмний оюуны соёлын  үнэт өвийг олон түмэнд таниулахад тустай үйл ажиллагаа явуулахад их хувь нэмэр оруулна хэмээн Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар онцлов.

“Мини кино театр”-ыг улсын хэмжээнд 14 сумын Соёлын төвд суурилуулж байгаа юм.

Нээлтийн үеэр Монголын кино урлагийн “Академи Авардс” наадмын шилдгийн шилдгээр шалгарсан “Содура” уран сайхны киног үзэгчдэд толилуулав.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

相关新闻