Салбарын алдар цолтон ахмад настны нэмэгдэл, хөнгөлөлтийг олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдэл, хөнгөлөлт нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад батлагджээ.
Тиймээс нэмэгдэл, хөнгөлөлтийг авдаг салбарын ахмадуудтай холбоо
барих утас, мэдээлэл, нэмэгдэл, хөнгөлөлтийг хүлээн авах дансны мэдээлэл
зэргийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас аваад байна. Шилжилттэй холбоотой ахмадуудаас
нэмэлт мэдээлэл, холбогдох материал шаардахгүй. Бүх салбарын санхүүжилтийн эрх
зэрэг нээгдэх тул түр хүлээгдэж байгаа аж:
“Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулийг 2017 онд баталсан. Хуулийн дагуу Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олгодог байсан.