“УБЦТС” ТӨХК-ийн ажилчид эсэргүүцэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ“ ТӨХК нь 2012 онд “Баярс констркашн” ХХК-тай 300 ажилчнаа орон сууцжуулахаар гэрээ байгуулжээ. Уг барилга энэ сарын 30-нд ашиглалтад орох байсан ч барилгын гүйцэтгэл 80 хувьтай байгааг эсэргүүцэж, “УБЦТС” ТӨХК-ийн ҮЭ-ийнхэн болон ажилтнууд хэвлэлийн бага хурал зарлан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Анх 2012 онд 594 айлын орон сууц барих тендерт "Баярс констракшн" ХХК ялж барилгын 70 хувийг өөрийн хөрөнгөөр, 30 хувийн урьдчилгааг захиалагчаас гаргах гэрээ хийж тохиролцжээ. Гэрээнд тусгаснаар бол дээрх орон сууц А, В, Д гэсэн гурван блоктой, 1м2-ыг нэг сая төгрөгөөр тооцож 2015 оны 12 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөхөөр тусгасан байдаг. Гэвч одоог хүртэл барилга ашиглалтад орох байтугай 80 хувийн гүйцэтгэлтэй, энэ оны 6 дугаар сарын 30-нд хэрэглэгчдэд хүлээлгэн өгнө гэж байгаа ч ажлын гүйцэтгэл дутуу байгааг газар дээрээс нь харсан иргэд бухимдлаа илэрхийлж байв.
Энэ үеэр УБЦТС компанийн хэмжүүрийн инженер н.Золбоо, “Баярс констракшн" нь мөнгөгүй гэсэн шалтгаанаар манай талаас 9.6 тэрбум төгрөг гаргуулж авсан. Барилгын ажил эхэлснээс хойш 4 жил өнгөрч байгаа ч одоог хүртэл манай ажилчид орон сууцаа хэзээ хүлээж авах нь тодорхойгүй байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар УБЦТС компанийн 100 гаруй ажилтны 60 хувь нь 70-аас дээш хувийн төлбөрөө өгсөн. Үлдсэн 30 гаруй хувь нь 30-аас дээш хувийн төлбөрөө төлжээ. Энэ хугацаанд төлбөрөө төлөхөөр өр зээл тавьсан 300 иргэн санхүүгийн хувьд хохирч байна гэж эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцогсод хэллээ.
З.Эрэвгийлхам