Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭЭдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон Улс хоорондын хэлэлцээр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.
Хоёр орны Засгийн газрын төлөөлөл оролцсон Хамтарсан хорооны анхдугаар хурал ГХЯ-нд болов.
Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн ярихдаа, “Өнөөдөр Монгол- Япон улсын хувьд түүхэн үйл явдал тохиож байна. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж байна. Хэлэлцээрийн хамтарсан хорооны үйл ажиллагааны дүрэм, журам болон барааны худалдаа, гарал үүслийн талаарх үйл ажиллагааны журмыг баталлаа. Мөн тарифын хөнгөлөлт олгох барааны болон гарал үүсэл, квотын гэрчилгээ зэрэг асуудлаар мэдээ, мэдээлэл харилцан солилцож, баталгаажуулав. Энэхүү хэлэлцээр хэрэгжснээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид холбогдох чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.
Мөн үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд С.Кихара нар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хамтарсан хорооны хурлын протоколд гарын үсэг зурсан юм.
Хэлэлцээрт заасны дагуу манай талаас 5700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх юм. Гаалийн татварыг чөлөөлөх ажлыг 4 үе шаттай хэрэгжүүлэх аж. Нийт гаалийн бараа 97 бүлэг байдгаас эхний ээлжинд 59.7 хувь буюу 3423 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн 6 дугаар сарын 7-ноос эхлэн импортын 5 хувийн тариф төлөхгүй болж байна. Япон улсын экспортлож буй 8004 нэрийн барааны тарифыг чөлөөлнө.
Хэлэлцээрт зааснаар арьс шир, үслэг эдлэлийн бүтээгдэхүүн гэхэд 24 хувийн татвараас чөлөөлөх юм. Мөн 0-3 жилийн насжилттай Японоос импортлосон автомашин 5 хувийн гаалийн татвараас чөлөөлөгдөх бол 10 жилийн насжилттай автомашин үүнд хамаарахгүй. Хэлэлцээрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд 1,3,5 жилийн хугацаатай виз олгох асуудлыг тусгажээ. Гол нь манай талаас Японы чанарын шаардлагыг хангах, гарал үүслийн гэрчилгээг авахад анхаарч ажиллах нь чухал гэдгийг албаныхан тодотгов.
Б.Заяа