Коронавирусний вакцин 49 хоногийн дараа дархлаа тогтооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, хүнд хэрэглэхийг зөвшөөрсөн гурван вакцин байгааг ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.
Дэлхий дахинд нэгдүгээр сарын 29-ний байдлаар, туршилтын өмнөх шатанд 170 гаруй вакцин байгаа бол эмнэлзүйн нэгдүгээр шатанд 18, хоёрдугаар шатанд 23, гуравдугаар шатанд 22, хэрэглэх зөвшөөрөл авсан BioNTechPfizer, Moderna, Oxford/Astra Zeneca гэсэн гурван вакцин байгаа юм.
Эдгээр вакциныг хоёр тун буюу хоёр удаа хийж дархлаа тогтдог. Тунгийн хоорондын зай вакцин тус бүрт ялгаатай байгаа бөгөөд BioNTechPfizer вакцины хувьд гурван долоо хоног, Moderna, Oxford вакцины хувьд дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг байна. Хамгийн сүүлийн тун буюу хоёр дахь тунгаа хийлгэсний дараа гурван долоо хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог байна. Тэгэхээр, анхны тун хийлгэснээс хойш долоон долоо хоногийн дараа бүрэн дархлаа тогтдогийг тэрбээр анхааруулсан юм.