Коронавирусээр өвчилсэн үедээ хоёр, эдгэрснийхээ дараа хоёр хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдвараар нас барсан тохиолдлууд болон “Тоёоко Инн” зочид буудлаас иргэдийг ХӨСҮТ рүү зөөсөн асуудлын талаар тус эмнэлгийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өгчээ.
Тэрбээр ХӨСҮТ-ийн пэйж хуудсанд мэдээлэхдээ, “2020 оны 11 дүгээр сарын 11-нээс коронавирусний дотоодын халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт дөрвөн нас баралт бүртгэгдээд байна. Хоёр нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн байсан бөгөөд архаг хууч өвчтэй, зүрх судасны дутагдал, зүрхний хэм алдалтын улмаас нас барсан. Хоёр тохиолдол нь коронавирусээр халдварласан нь тогтоогдоод эмчлэгдэж байхдаа эндсэн. Тухайн хоёр хүний хувьд мөн архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан. Эхний хүн 2020 оны 12 дугаар сарын 25-нд нас барсан бол, удаах тохиолдлууд нь 2021 оны нэгдүгээр сарын 5, 12, 22-нд бүртгэгдсэн" гэв.
Харин “Тоёоко Инн” зочид буудалд илэрсэн халдварын тухайд, "Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг. Сүүлийн долоо хоногт өдөртөө 25-35 тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлын тоо нэмэгддэг. “Тоёоко Инн” зочид буудалд 300 орчим хүнийг тусгаарлаад байсан. Анхан болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн иргэдийг ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн. Сүүлийн хоёр хоногт нийт 70 гаруй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой маш олон хавьтал шинжилгээнд орсноос 40 гаруй хүнийг тусгаарласан. Тиймээс “Тоёоко Инн” зочид буудалд халдвар гарсан биш тэнд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээнээс гарсан гэж зөв ойлгох хэрэгтэй” гэв.
Тусгаарлан ажиглах
байранд хавьтлуудыг долоо хоног тусгаарлах хугацаанд хоёр удаагийн
шинжилгээ сөрөг гарсан үед гэрийн ажиглалтад шилжүүлэн долоо хоног ажигладаг байна.