Байгууллагын нэг ажилтан найман хүнд халдвар тараах эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-05 12:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд нэлээд хэдэн байгууллагад коронавируст халдвар голомтон гарсан байна. Ялангуяа, агааржуулалт муу, битүү, харанхуй орчинд хамгийн ихээр халдвар тархаж буй тул үйлдвэр, худалдаа, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд өвчлөл гарах хандлага ажиглагдаж байгаа аж.

 

Энэ тухай ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

 

Нэгдүгээрт, байгууллагын нэг иргэн коронавирусээр халдварлахад нэг өрөөнд хамт ажиллаж буй найман хүнд халдвар тарааж байгаа. Эдгээр найман хүн дунджаар хамт ажилладаг 4-5 хүнд халдвар тарааснаар тухайн байгууллага халдварын голомт болж байна.

 

Хоёрдугаарт, байгууллагын халдвар хамгааллын нөхцөл муу байх нь халдварыг цааш тараах үндэс болж байна гэж үзэж байгаа. Үйлдвэрийн агааржуулалт муу, битүү, харанхуй орчинд хүн хамгийн их өвчилж байна. Мах, гутал, хүнсний үйлдвэрлэл явуулдаг байгууллагуудад халдвар гарч байна. Мөн сийрэгжилт муутай, нэг өрөөнд олон хүн сууж ажиллах нь өвчлөл гарахад нөлөөлж байна.

 

Гуравдугаарт, хүмүүс дотоод орчин, албан газартаа амны хаалт зүүхгүй байх нь коронавируст халдвар тархах үндсэн шалтгаан болж байна гээд тэрбээр, 

  • үйлдвэр, худалдаа, хамт олны дотор амны хаалт зүүх,
  • өрөө тасалгаанд ширээг 1,5-2 метрийн зайд байрлуулах,
  • ажилтнуудын гуравны нэгийг ажиллуулах,
  • цахимаар ажиллах боломжоор хангах,
  • ажилтнуудын ачааллыг жигдрүүлэх, дархлааг нь дэмжих,
  • цэвэрлэгээ, ариутгал халдаргүйтгэл хийх,
  • агаарын сэлгэлт тогтмол хийх,
  • эерэг байх хэрэгтэйг зөвлөлөө.

 

相关新闻