С.Амарсайхан: Шинжилгээний хариу 3 цагийн дотор гарах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "COVID-19"-ийн шинжилгээ өгч буй байдалтай өнөөдөр өглөө танилцлаа. Түүнийг Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль дээр байрлаж буй шинжилгээний цэгт очиход шинжилгээний бүртгэлийн ажилтнууд хүлээн авч ажлаа танилцууллаа. Тэдний мэдээлснээр иргэд "eruul gerege.mn" сайтад цагаа бүртгүүлж ирж байна. Жирэмсэн болон хагалгаанд орох гэж буй иргэд, мөн 75-аас дээш насны ахмадууд яаралтай гэдгээр шууд шинжилгээ өгч байна. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан арга зүйн мэргэжилтэн, бүртгэлийн ажилтнуудаас зарим зүйлийг тодруулав.
-Өдөрт танай цэг дээр хэчнээн хүн хамрагдаж байна. Өнөөдөр шинжилгээ өгөх цаг байгаа юу?
-Өдөрт 400-500 хүнээс шинжилгээ авч байна. Заримдаа 800-1000 хүнийг хамруулдаг. Өнөөдрийн хувьд, цаг байхгүй. Өнөөдөр шинжилгээ өгөх хүмүүсийг хоёр хоногийн өмнө бүртгэж дууссан. Хөдөө, орон нутаг руу иргэд олноор зорчих үед шинжилгээ өгөх хүмүүс олширдог.
-Маргааш цаг байгаа юу?
-Маргааш бямба гарагт төлөвлөгөөт шинжилгээтэй байдаг учир албан байгууллагуудад үйлчлэх хуваарьтай. Бид зөвхөн ажлын 5 хоногт, өглөө 09.00-17.00 цагт шинжилгээ авч байгаа.
С.Амарсайхан: Шинжилгээний хариу 3 цагийн дотор гарах боломжтой учир хүн хүч нэмж ажиллуулна
-Шинжилгээг хэдий хугацаанд авч байна?
-Хоёр минут л болдог.
-Та нарын ажлын ачаалал хэр байна? Халдвар хамгааллыг хэр сахиж байна, гачигдаж дутагдаж буй юм гарч байна уу?
-Бүртгэх, шинжилгээ авах, сорьцоо багцалж лаборатори руу явуулах гээд ажил ихтэй байдаг. Орой 18.00-19.00 дөхүүлээд л дуусдаг. Хоол өдөрт 13.00 цагт ирж ээлж солигддог. Гачигдах зүйл хааяа гардаг ч дор дор нь нийлүүлж байгаа. Тасалдсан зүйл алга. Пост сүлжээтэй болж, мөн иргэд бүртгүүлсэн цагтаа ирдэг болсон учир ачаалал гайгүй болсон. Шинжилгээний тус цэг дээр 10-аад хүн ажиллаж байгаа гэсэн хариуг өгөв.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "COVID-19"-ийн шинжилгээ авч буй цэгт урьдчилан мэдэгдэж хэлэлгүйгээр очсон бөгөөд шинжилгээ бүртгэлийн "eruul gerege.mn" сайт гацаж доголдох, цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм сул байгааг ийнхүү газар дээр нь очиж ажиллахдаа анхааруулав. Тэрээр хэлэхдээ, "Нийслэлд "COVID-19"-ийн шинжилгээ авах 8 лаборатори ажиллаж байна. Шинжилгээний хариу гурван цагийн дотор гаргах боломжтой байна. Авсан шинжилгээг цаг тухай бүрт нь лаборатори руу явуулж чадахгүй өглөөнөөс орой хүртэл сорьцыг хадгалж байгаад лаборатори руу хүргэж байна.
Тиймээс шинжилгээний хариуг яаралтай гаргахад хүн хүч нэмэх шаардлагатай байгаа нь харагдлаа. Та бүхэн шинжилгээ авах явцдаа өөрсдөө ч халдвар хамгааллыг сайн баримтлах шаардлагатай. Халдваргүйтгэл хийж байгаа хүн бээлий өмсөөгүй байна. Шинжилгээ өгч байгаа хүн нэг урсгалаар гардаг байх ёстой. Гэтэл замд нь хувцас солих өрөө байгаа зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг засаж ажиллах"-ыг санууллаа.
Шинжилгээ авах цагийг нарийн хуваарилж шинжилгээ хийх явцад алдаа эндэгдэл гаргахаас сэргийлж ажиллахыг тэрээр анхааруулсан юм.