Дорноговьд хэрэгжиж буй сурагч солилцооны хөтөлбөр Улсын хэмжээнд хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонгол Улсын Дорноговь аймаг, Япон Улсын Шизүока муж хооронд байгуулсан ах дүүгийн найрамдалт харилцааны гэрээний хүрээнд “Дорноговийн хүүхдүүд Японд” хөтөлбөр өргөжиж, Монгол Улсын хэмжээнд хэрэгжихээр боллоо.
Уг хөтөлбөр Дорноговь аймагт амжилттай хэрэгжиж байгаа ба 2011 оноос хойш тус аймгийн нийт 200 орчим сурагч, 10 гаруй багш Японд аялаад байгаа юм. Дорноговь аймагт сурагч солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажилласаны үр дүнд энэхүү хөтөлбөрийн цар хүрээ улам өргөжиж байна. Ингэснээр зөвхөн Дорноговь аймгийн сурагчид төдийгүй Монгол Улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид энэхүү хөтөлбөрт хамрагдах таатай нөхцөл бүрдэж байна.
Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг харилцан солилцох тухай харилцан ойлголцолын санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа, Япон Улсын Шизүока мужийн Боловсролын бодлогын хэлтсийн дарга Онода Хироюки, Дорноговь аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Ч.Отгонбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Энэхүү хөтөлбөрт Монгол Улсаас нийт 50 сурагч, 5 багш хамрагдахаас БСШУЯ-наас 20 сурагч, 2 багш, Дорноговь аймгаас 30 сурагч, 3 багш Японд аялна. Мөн Шизүока мужаас 30 сурагч, 5 багш Монгол Улс болон Дорноговь аймгийн түүх, ёс заншилтай танилцаж, харилцан туршлага судлах юм.
Б.Туул