Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас 90 гаруй хувьд халдвар илэрч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн БГД, БЗД, СБД, СХД, ХУД-ийн хороодод өвчлөл бүртгэгдсэн байна. Бусад дүүрэгт өвчлөл бүртгэгдээгүй тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Тэрбээр мэдээлэлдээ, “Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, шинээр гарч байгаа тохиолдлууд өмнөх тохиолдлуудтайгаа халдварын хэлхээ холбоотой байгаа боловч тарсан хязгаар, цар хүрээ өргөн болж байна. Ялангуяа, “Монгол шир” ХК-д илэрсэн голомт идэвхтэй үргэлжилж байна. Тухайлбал, тэнд 45 хүн байсан бол одоогоор 54 болжээ. Гутлын цехтэй холбоотой 32, худалдааны төвтэй холбоотой 28, Банк санхүүгийн байгууллагын 46 хүн халдварлаад байна. Ойрын хавьтлыг тусгаарлах ажил үр дүнтэй байна. Батлагдсан тохиолдол дотор ойрын хавьтлаас 90 гаруй хувь нь илэрч байна. Нийт хавьтлаас 20 гаруй халдвар илэрч байгаа” гэв.
Одоогоор гэр бүл, найз нөхдийн хүрээнд болон нийтийн байруудын халдварын хэлхээ үргэлжилж байгаа аж. Тиймээс иргэд амны хаалт зүүх, гараа угаах, олон хүнтэй газраар явахгүй байх, хүний бөөгнөрөд үүсгэхгүй, гэртээ байхыг эрүүл мэндийн байгууллагаас давтан анхааруулав.