ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийнханд Төрийн соёрхол хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-08 15:42:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрүүл мэндийн салбарт энэ жил анх удаа багаар нь Төрийн соёрхол олгов.


Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай баг "Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь" бүтээлд Монгол Улсын Төрийн соёрхол цол хүртээлээ.

 

Энэхүү бүтээл нь шинэ технологийг нэвтрүүлэн, нутагшуулсан сонгодог жишээ болж буй юм. Шүд, нүүр ам судлалын эмнэлзүйн анагаах ухаанд оношилгоо эмчилгээний иж бүрэн технологийг цогцоор нь нэвтрүүлж, олон жилийн турш тогтвортой үр дүнд хүртэл нь ашиглаж болдгийн бодит жишээ, үлгэр загвар болсон байна.

 

Тус төвийн эмч мэргэжилтнүүд сүүлийн 22 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 87 удаа хөдөө орон нутагт хүмүүнлэгийн ажил зохион байгуулж, 3280 хүүхдэд мэс заслын эмчилгээ, 2500 орчим хүүхдэд бусад хавсарга эмчилгээ хийжээ. Ингэснээр орон нутгийн иргэдэд 3 тэрбум гаруй төгрөгийн эдийн засгийн хэмнэлт үзүүлсэн байна.

 

Хамгийн том үр дүн нь уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн өвчин эмгэгтэй хүүхэд багачууд гадаадын улс орон руу явж эмчлүүлэхгүйгээр 100 хувь Монгол Улсдаа оношлогдож, эмчлүүлэх боломжтой болсон явдал юм.

Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн цогц эмчилгээг дэлхийн түвшинд хүргэж, Монгол орны ийм эмгэгтэй бүх хүүхэд залууст санхүүгийн бэрхшээлгүй тэгш, хүртээмжтэй хүргэж чаджээ.

 

Багийн ахлагч Г.Аянга сүүлийн 8 жилд Мьянмар, Хятад, Индонези, Филиппин, ОХУ-д уригдан хүмүүнлэгийн ажилд оролцож, 200 орчим хүүхдэд мэс засал хийжээ.

 

ЭХЭМҮТ-ийн хамт олон үүсч хөгжсөнийхөө 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд тус төвийн түүхэнд 2 дахь удаагаа "Төрийн соёрхолт баг" ийнхүү төрөн гарчээ. Монголын анагаах ухааны шүд, нүүр ам судлалын салбараас анх удаа Төрийн соёрхол хүртэж байгаа нь энэ ажээ.

 

相关新闻