Мобиком Корпораци Мазаалай хамгаалахад хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМобиком Корпораци нь БОНХАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Говийн баавгай сан, Их говийн дархан цаазат газар, Лондоны амьтан судлалын институт, Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтран дэлхийд нэн ховордсон, зөвхөн Монгол Улсад амьдардаг Мазаалай баавгайг хамгаалахад чиглэсэн бодит үйл ажиллагааг багтаасан төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
Мазаалай зэрэг нэн ховордсон амьтдыг хүний байнгын асрамжид байлгаж болох ч, байгаль хамгааллын мэргэжлийн байгууллагууд зэрлэг амьтдыг байгалийн орчинд нь хамгаалахын давуу талтайг баталсан. Мазаалай зэрэг устах аюулд ороод буй амьтдын байршлыг хянахад зориулагдсан GPS технологи бүхий хүзүүвч чухал хэрэгтэй байдаг.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, профессор Л.Амгалан, Говийн баавгай сангийн Ерөнхийлөгч Харри Рэйнолдс болон Лондоны амьтан судлалын институт нартай хамтран мазаалайн амьдралын хэв маягийг тандан судлах, хянах, дүрс бичлэг хийх, фото зураг авах зорилгоор 23 ширхэг хөдөлгөөн мэдрэгч бүхий камер суурилуулав. Эдгээр камераас хүлээн авсан мэдээллийг ашиглан судалгаа шинжилгээ хийхээс гадна олон нийтэд мэдээлэл түгээж, анхаарлыг хандуулах боломжтой. Их говийн дархан цаазат газрын ажилтнууд эдгээр камеруудын ашиглалт үйлчилгээг гардан хариуцна.
Манай хамтарсан багийнхан 5 дугаар сарын ихээр сансраас байршил тогтоох GPS төхөөрөмж бүхий хүзүүвчийг нэг эм мазаалайд зүүгээд байна. УЦУОСМХ болон БОНХАЖЯ, Их говийн дархан цаазат газар, Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтран цаг агаарт зориудаар нөлөөлөх системийг ашиглан, хуурайшилт ихтэй говь цөлийн бүсэд хур тунадас оруулах ажлыг зохион байгуулж, өнгөрсөн 7 хоногт 4 байршилд хур тундас оруулаад байна. Ингэснээр мазаалайн гол идэш тэжээлийг сайтар ургуулах, усны хомсдлоос сэргийлэх ач холбогдолтой юм. Цаашид говь цөлийн бүсэд хур бороо, цасны усыг тогтоон барих хөвийг барьж байгуулан ховордсон амьтдыг байнгын ундны устай болно. Мөн хавар, намрын хомсдолтой, эрс тэс цагаар шим тэжээл бүхий багсармал тэжээлийг тодорхой цэгүүдэд байршуулах юм. Үндэсний өв соёл, уламжлалыг дээдлэгч бид бахархалт зүйлсийн нэг болох мазаалай баавгай, үнэт өв соёлын өлгий болсон Говь нутгийг хамгаалахыг зорьж байна гэдгээ Мобиком Корпораци ХХК онцлов.
Ж.Батсайхан