PCR шинжилгээний 4 цогц лабораторийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан "Рио Тинто" групп хамтран манай улсад "COVID-19" халдварыг илрүүлэх PCR-ын шинжилгээний цогц 4 лаборатори төвийг нээж байна. Үүний эхнийхийг Эх, хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төв (ЭХЭМҮТ)-д өнөөдөр хүлээлгэн өгөв.
Тодруулбал, "Рио Тинто" группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар манай улсад "Эрүүл мэндийн оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх" төслийг НҮБ-ын Хүн амын сан, ЭМЯ, Оюутолгой ХХК хамтран хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд олон улсын жишигт нийцсэн 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ-ын шинжилгээний цогц 4 лаборатори, мөн өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зайнаас үйлчлэх хэрэгсэл нийлүүлж байна. Энэ талаар НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, хатагтай Каори Ишикавагаас тодруулав.
-Төслийн гол зорилгыг товч танилцуулна уу?
-Халдварын цар тахлыг илрүүлэх оношилгоог илүү хүртээмжтэй болгох зорилготой энэ төслийг "Рио Тинто" анх удаа санхүүлж, манай сан Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-тай хамтран нэлээн онцгой түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж буйг тэмдэглэн хэлмээр байна. Юу гэвэл, энэ төсөл нь НҮБ-аас олон нийт болон хувийн хэвшил, Засгийн газрын хамтын ажиллагааг холбож өгч байгаагаар онцлог жишээ болж байна.
Төслийн эхний ээлжинд PCR-ын шинжилгээний цогц 4 лаборатори төвийг нээж байгаагаас эхнийхийг ийнхүү ЭХЭМҮТ-д, 2 дахийг нь Улсын II нэгдсэн эмнэлэгт байгуулж байгаа. Сүүлийн 2 лаборатори төвийг уул уурхайн бүс нутаг Дорноговь, Өмнөговь аймагт байгуулна. Хэдийгээр өнөөдөр Монгол Улсад "COVID-19" халдвар дотооддоо илэрч, хөл хорио тогтоож буй ч иргэд эрүүл мэндий үйлчилгээг тасралтгүй авах, эдийн засаг зогсохгүй байх боломжийг бүрдүүлэх үүднээс эдгээр төвийг байгуулж байгаа юм.
-Төслийн 2 дахь үйл ажиллагааг тодруулна уу?
-Халдварын тархалт эрчимжиж буй энэ үед иргэд эмнэлэгт заавал очиж үйлчлүүлэхгүй байх боломжийг хангах зорилгоор телемедицин буюу эмнэлгийн зайн тусламжийг үзүүлэх юм. Эхний ээжинд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нийт 14 өрхийн эмнэлэгт зайнаас тусламж үзүүлэх шаардлагатай эм, эмнэлгийн багц, үзлэг хийх хэрэгслээр эрүүл мэндийн ажилтнуудыг хангаж байна.
-Лабораториудыг "Рио Тинто" чухам яагаад нийлүүлж, энэ төсөлд оролцох болов?
-Манай сан өмнө нь Оюутолгой ХХК-тай хамтран төсөл хэрэгжүүлж ирсэн. Улмаар энэ удаагийн төсөлд Оюутолгой ХХК "Рио Тинто"-г санал болгосноор хамтран ажиллахаар болсон. Тус групп нь ер нь "COVID-19"-ийн цар тахлын эсрэг улс орнуудад дэмжлэг үзүүлж байгаа юм билээ. Азид 6 оронд үзүүлэхээр шийдсэний нэгэнд Монгол Улс орж байна.
-Төслийн хүрээнд нийлүүлж буй 4 лабоарторийн хүчин чадал, онцлогийг товч танилцуулна уу?
-PCR-ийн шинжилгээний бусад тоног төхөөрөмжүүдтэй харьцуулахад бүрэн автоматжсан, мөн цогц лаборатори учир шинжилгээг хурдан шуурхай хийнэ. Хоёрт, зөвхөн "COVID-19"-ийн халдварыг оношилоод зогсохгүй, бусад халдварын вирусийг илрүүлж оношлох боломжтойгоор онцлог юм гэв.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу олон улсын шаардлагад нийцсэн эдгээр лабораторийг ашиглалтад оруулснаар Монгол Улс нийт 38 PCR/ПГУ шинжилгээний лабораторитой болж, өдөрт 42 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай болж байна.
Лаборатори төвийг нээж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, "Рио Тинто" группийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр нар оролцлоо.
Гэрэл зургийг Г.Чинзориг