“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 41,6 мянган хүн хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-02-11 16:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эхний өдөр, 2 дугаар сарын 11-нд 13 чиглэлд 159 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгааг НОК-оос мэдээллээ. 


Автобусны тоо, чиглэл хумигдаж зорчвол зохих иргэдийг хүлээлгэж байна гэсэн асуудалтай холбоотойгоор тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоогүй болохыг мэдээлэв. Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд нийслэлийн хэмжээнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар 41 600 хүн хамрагдаад буйг мэдээллээ. 


Шинжилгээ энэ сарын 11-23-нд үргэлжилж, нийслэлийн 8 дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Коронавирусний халдварыг илрүүлэх, тандах шинжилгээнд халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгосон айл өрхийн 1 гишүүн хамрагдах юм.


Тэрээр, "Ер нь хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор нэгдсэн мэдээлэлтэй ажилламаар байна. Өглөөнөөс оройн 16.00 цаг хүртэл иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь, “Нэг хаалга нэг шинжилгээ”-тэй холбоотой гомдол мэдээлэл, тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар 259 дуудлага ирсэн байна. Улаанбаатар хот найрсаг хот байх ёстой. Цагдаагийн алба хаагчид иргэдтэй харьцахдаа анхаарах асуудал байна. Хүнсний дэлгүүрүүд  ажиллах цагийн хуваарийг асууж, санал хүсэлтүүд их ирсэн. 


Үйл ажиллагааг зөвшөөрсөн байгууллагуудын тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгааг цагдаагийн алба хаагчдад хэлж залруулах хэрэгтэй. Дээрээс ингэж хэлсэн гээд зогсож байгааг ойлгохгүй байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хуваарь байршил, архи согтууруулах ундаа зарах эсэхийг лавлаж асуусан дуудлага олон иргэнээс ирсэн. Согтууруулах ундаа хориглосон асуудал байхгүй. Архи согтууруулах ундааг хориглосноор далд бизнес хөгжсөнийг өнгөрсөн хугацаанд харсан" гэлээ.

Гэрэл зургийг Т.Чимгээ


相关新闻