З.Энхболд:Чингис бондын үр шимээр 82 мянган өрх шинэ байртай болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ“Бондын бүтээн байгуулалт” буюу Чингис бондын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо.
2012 онд Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гаргахаар баталсан. Нийт 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар амжилттай арилжаалсан юм. Өнгөрсөн хугацаанд бондын хөрөнгөөр олон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, улс орны хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлснийг дээрх хэлэлцүүлгээр тодотгов.
“Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлэгт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох 600 орчим төлөөлөгч оролцож байна.
Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга З.Энхболд нээж хэлэхдээ, “2012 онд бидний өмнө том сонголт тулгарсан. Тэр нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дахин өсөхийг хүлээгээд зүгээр суух уу, эсвэл хямралыг сөрөн, бүтээн байгуулах замаар эдийн засгаа олон тулгууртай болгож, ирээдүйн хөгжлийн суурийг тавих уу гэдэг салаа замын бэлчир дээр зогссон байв. Бид хямралыг сөрье, эдийн засгаа олон тулгууртай болгоё гэж бүтээн байгуулалтын замыг сонгосон. Бүтээн байгуулалтын гол тулгуур баганыг Засгийн газрын бондоор босгож, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын хөрөнгө оруулалтаа хүчтэй тэлж чадлаа. Бондын хөрөнгө оруулалтаар иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болгов. Хуримтлалыг дэмжих санхүүжилтийг хийх тогтолцоог эрс шинэчилснээр 4 жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 4 жилд 3,405 км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замaa 2.2 дахин өсгөлөө. Эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь өсөж, өнгөрсөн жил уг салбар анх удаа ашигтай ажиллав. Бонд босгож бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад үүссэн хуримтлалаараа ирээдүйн орлого, эдийн засгийн өсөлтөө баталгаажуулдаг загварт шилжлээ. Монголчууд бид бүтээн байгуулж чадна гэдгээ өнгөрсөн 4 жилийн ажлаараа харуулж чадлаа. Халамж хүлээж суудаг монголыг бүтээн байгуулдаг Монголоор сольсон” гэлээ.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ, “Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн уналт, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны үе шат дуусч байсан 2012 онд тодорхой алхам хийхгүй бол хүнд байдалд орох байсан тул олон улсын зах зээлд Засгийн газрын бонд гаргах санаачилга гаргасан. Анхнаасаа 5 тэрбум ам.долларын төлөвлөлттэй эхлүүлсэн энэ ажилд хуулийн хүрээнд УИХ хориг тавьсан, үүнтэй холбоотой олон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа хэр нь борлуулалт, зах зээлтэй холбоотой хүндрэл үүссэн. Бондын хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалт хүн бүрийн нүдэнд ил байгаа. Монголчууд зам, эрчим хүчний дэд бүтэц, шинэ орон сууцууд, ажлын байрыг нэмэгдүүлсэн олон үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын үр ашгийг мэдэрч байна. Улс орны эдийн засгийг огцом хямралд оруулалгүй авч гарсан энэ ажлыг зарим хүн буруутгадаг. “Өр” гэж хэлдэг. Үнэндээ энэ мөнгөөр улс орны эдийн засаг огцом уналтаас аврагдсан, энэ мөнгөөр олон бүтээн байгуулалт өрнөсөн, энэ мөнгөөр хувийн хэвшлийнхэн үйлдвэртэй болсон” хэмээн онцлов.
2013-2015 онд бондын 4.9 их наяд төгрөгийг авто зам, томоохон төслүүд, хувийн хэвшлийн үйлдвэрүүд гэсэн 3 чиглэлээр санхүүжилт хийсэн. Дээрх хугацаанд 2250 км авто замын бүтээн байгуулалтад 946.7 тэрбум төгрөг, инженерийн дэд бүтцийн 69 төсөлд 318.3 тэрбум төгрөг, Гудамж төслийн бүтээн байгуулалтад 120.5 тэрбум төгрөг, автозам дэд бүтцийн төсөлд нийтдээ 1.39 их наяд төгрөгийг зарцуулсан ба гүйцэтгэл 84 хувьтай байгаа юм. Түүнчлэн улсын томоохон төслүүдийг 1.95 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн ба гүйцэтгэл 87 хувь, хувийн хэвшлийн үйлдвэрийн төслүүдэд 1.56 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд гүйцэтгэл 71 хувьтай байгаа талаар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат танилцууллаа.
Г.Уранчимэг