“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, авто замын хөдөлгөөнийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул "Автомашингүй өдөр" арга хэмжээг цуцалж, авто замуудын хөдөлгөөнийг 12 цагт нээлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ““Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг. Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн өдрүүдэд өгсөн мэдээллээр, бороо 17 цаг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй болж, цаг уурын төлөв өөрчлөгдсөн. Тиймээс үргэлжлэн орох бороотой холбоотойгоор “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, авто замын хөдөлгөөнийг нээж байна. Гэхдээ төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ” гэв.
Ташрамд дуулгахад, нийслэлд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр сондгой цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.