Ажлын байр, машиндаа өөрийгөө тусгаарлах шаардлагагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод халдвар авах эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо, байр, гудамж байхгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тэрбээр "Улаанбаатар хотыг бүхэлд нь нэг том голомт гэж ойлгож болно. Халдвар агаар дуслын замаар дамжих учраас тогтмол агаар сэлгэлт хийж байх хэрэгтэй. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарах тул цаг тутам цонхоо онгойлгож агаар сэлгэснээр халдварын эрсдэлийг бууруулна. Нэг өрөөнд олуулаа суудаг бол "агаар сэлгэлт, агаар сэлгэлт, дахин агаар сэлгэлт" гэдгийг сануулж байна. Халдварын сэжиг илэрсэн болон хавьтал болсон хүмүүс шинжилгээнийхээ хариуг гартал ажлын байр, машиндаа өөрийгөө тусгаарлах явдал гарч байна. Ингэж ажлын байр, машиндаа өөрийгөө тусгаарлах шаардлага байхгүй. ХӨСҮТ-ийн баг очиж хавьтал судлалын шинжилгээ авч зөвлөгөө өгөх хүртэл амны хаалтаа давхарлаж зүүгээд гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй" хэмээв.
Түүнчлэн Засгийн
газраас улс орны эдийн засаг, иргэдийн ахуй амьдралыг дэмжин хөл хориог цуцалсан.
Тэгэхээр иргэдийн хариуцлагатай байх цаг үе ирж байна. Тиймээс иргэд халдвараас сэргийлэх, бусдад халдвар дамжуулахгүй байх, өөрсдөөс хамаарах амны хаалт зүүх, гараа угаах, зайгаа барих, агаар сэлгэлт
хийх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг сахихыг тэрбээр дахин санууллаа.