“Чингис бонд”-оос санхүүжилт авсан компаниуд үр дүнгээ танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ“Чингис бонд”-оос санхүүжилт авсан 129 аж ахуйн нэгж, компаниуд өнөөдөр Чингисийн талбайд төслүүдээ танилцуулж эхэллээ.
“Чингис Бонд Экспо” үзэсгэлэнгээс Авто зам, Гудамж, Инженерийн дэд бүтцийн төсөл, ДЦС-4 -ын хүчин чадлыг нэмэх, Таван толгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төслийн талаарх мэдээллийг авах боломжтой юм. Засгийн газар, Хөгжлийн банктай хамтран зохион байгуулж буй эл үзэсгэлэнгээр Бондын хөрөнгөөр 3 жилийн хугацаанд хэрэгжсэн “Гудамж”, “Дулааны цахилгаан станц”-ын төслүүдэд иргэд сэтгэл хангалуун байгааг албаныхан тодотголоо.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат ярихдаа, “Бондын хөрөнгөөр 2015 оны байдлаар 4,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Үүгээр 1700 орчим төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулсан. Эдгээр төсөл хөтөлбөрт 1000 гаруй компани ажил гүйцэтгэсэн. Энэ нь эдийн засагт олон сувгаар эерэг нөлөө өгсөн. Авто зам, инженерийн дэд бүтэц, “Эрдэнэс Тавантолгой”, Баруун цанхийн шинэ төмөр зам, 3,4-р цахилгаан станц, “Амгалан” ДЦС, МИАТ-ын Боинг 767 онгоц гэсэн төслүүдийг нэрлэж болно. Мөн арилжааны банкуудын шалгуур хангасан аж ахуйн нэгжүүдэд 5 жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй зээл олгосон. 888 төслөөр дамжуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон. Энэ хүрээнд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай 3 том үйлдвэр ашиглалтад орсон. Цементтэй болсноор дотоодын бүтээн байгуулалтыг төвөггүй өрнүүлэх боломж бүрдэв. Мөн монголчууд 30 гаруй км төмөр замыг өөрийн хүчээр барьсан гээд гурван жилд их бүтээн байгуулалтыг хийлээ. Бондын хөрөнгө оруулалтын үр өгөөж дор хаяж 5-10 жилийн дараа гарна” хэмээн онцлов.
Б.Заяа