Ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 139 мянган өрхөд зээл олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан энэ сарын 29-нд болов.
Ажлын хэсгийн хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон
Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн
хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа,
санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг
сонссон юм.
Ипотекийн зээлийн
хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган
өрхөд олгоод байгаа аж. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил ба 2023 оноос орон
нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Энэхүү татаастай зээлийн
эхний гурван жилийн 3.0 хувийн хүүг улсын төсвөөс олгож буй бөгөөд урьдчилгаа
төлбөрийн 60 хувьд батлан даалтад хамрагдах боломжтой юм.
Банкны систем дэх
зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог. 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа
хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаардаг. Өнгөрсөн оны
хоёрдугаар улирлынхаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэж, дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1
хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсжээ.
Шинээр олгосон
зээл өнгөрсөн онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол ирэх оны есдүгээр сарын
байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт
хуримтлагджээ.