Иргэдийг дархлаажуулалтын цэгт дур мэдэн очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эрчимжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг дөрвөн өдөрт багтаан хамруулж дуусах юм. Тодруулбал,
- Дөрөвдүгээр сарын 23-нд өнөөдөр болон дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 25 хувь,
- Дөрөвдүгээр сарын 24-нд тухайн өдөр болон дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 75 хувь,
- Дөрөвдүгээр сарын 25-нд тухайн өдөр болон дөрөвдүгээр 12-14-нд II тун хийлгэх байсан иргэдийн 90 хувь, дөрөвдүгээр сарын 15-17-нд хийлгэх байсан иргэд,
- Дөрөвдүгээр сарын 26-нд тухайн өдөр болон дөрөвдүгээр сарын 18-22-нд II тун хийлгэх байсан иргэдийг тус тус дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
Мөн энэ дөрвөн хоногийн хугацаанд 55-аас дээш насны дархлаажуулалтад хамрагдах иргэд “Синофарм” компанийн “Вероселл” вакцины эхний тунгаа хийлгэх боломжтой.
Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү харьяа дүүрэг, хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын аль цэгт, хэдний өдрийн, хэдэн цагт очиж хамрагдах талаар нарийн мэдээлэл өгнө. Иймээс иргэдийг дархлаажуулалтын цэгүүдэд дур мэдэн очиж, дараалал үүсгэхгүй байхыг албаныхан хүслээ.
Мөн дархлаажуулалтын цэгээс хол, нийслэлийн алсалсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдэд үйлчилнэ.