Өвлийн бэлтгэлийн зэрэгцээ малчдын ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-18 17:59:55

Дорноговь аймгийн зарим суманд өнгөрөгч өвөл цас их орж хүйтэрснээс цагаан зуд нүүрлэж малчид өвлийг зутруухан давсан. Хахир өвөл цаашилж зуны дэлгэр цаг ирсэн хэдий ч ирэх жилийн өвлийг хэрхэн  давахаар төлөвлөж байгааг албаны хүнээс  тодруулав.

Дорноговь аймаг хадлан авах талбай, нөөц боломж муутай бөгөөд зэргэлдээх Сүхбаатар, Хэнтий, Төв аймгаас хадлан бэлтгэх хүсэлт гаргасан байна. Мөн ХХААЯ-ны Мал аж ахуйн хэлтэст сум дундын отрын бүс нутгийн хэмжээ, зураглал хийгээд цаг хүндэрсэн үед өвөлжих өрх, малын тоог гаргаж хүргүүлсэн аж.

Засгийн газраас наймдугаар сарын 01-нээс эхлэн гаргадаг улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавраас гадна тус аймаг дөрвөн жилийн өмнө баталсан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах журмаа мөрдлөг болгож жил бүр хэрэгжүүлдэг аж. Үүнээс гадна малчдын ухамсрыг дээшлүүлэх ажил хамгийн чухал байгаа талаар тус аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд өгүүллээ.

Малчид малаа цаг хугацаанд нь тарилгад хамруулдаггүй, угаалгадаггүй,  мал нь өвчилсөн ч эмчлүүлдэггүй, малын  өвчин гарахад  өвчилсөн малаа  мэргэжлийн байгууллагад дуулгадаггүй, учир нь тарилгын хөлсөө өгдөггүй гээд тухайн малчнаас шалтгаалсан олон зүйл байдаг аж.

"Малчид халдварт өвчин гарсны дараа малаа борлуулдаг. Олон мал хорогдсон айлаас “Танайх хэдэн боодол өвс авсан бэ? ” гэхэд 30  орчим боодлоос хэтэрдэггүй” гэж хариулдаг аж. Өөрсдөө мөнгө гаргаж өвс авдаггүй атал тусламжийн өвсийг  уралдаад авчихдаг. Тэгээд  зудад малаа алдахаараа мал төрийн өмч биз дээ? Та нар яагаад туслахгүй байна гэдэг байдал нийтлэг байгаа" гэв.

Х.Эрдэнэбулган

相关新闻