Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 11 мянга гаруй сувилагч ажиллаж, "COVID-19" цар тахлын хүнд нөхцөлд хүн амаа халдвараас хамгаалж эмчлэх эрүүл мэндийн төлөө зогсон ажиллаж байна. Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрөөр иргэд, олон нийт сувилагч, эмнэлгийн ажилтан нартаа баярлалаа хэмээн талархал илэрхийлж байна.
Монгол Улс сувилагчдын өдрийг 1995 оноос тэмдэглэж ирсэн юм. Жил бүрийн энэ өдөр сувилагчдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэн сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.
Анх Их Британи улсын иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу 5 дугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болжээ. Тэрээр, 1850-иад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан юм.
Сувилахуй гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн таван шатлалаас бүрддэг аж. Сувилагч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдэхэд илүүдэхгүй мэдлэг, мэдлэгийг гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж, хандлагыг туслах чин эрмэлзэл, энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна.