Хонины цэцэг өвчнийг хянах, туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-06-21 10:27:21

“Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь” техникийн туслалцааны TCP/MON/3603 төсөл манай улсад хэрэгжихээр болж, өчигдөр нээлтээ хийв.

ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд төслийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад өнгөрсөн оны нэгдүгээр сард хонины цэцэг өвчин бүртгэгдэж Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг 5 аймгийн 15 суманд өвчлөл гарсан нь одоо болтол үргэлжилж байна. Өвчнийг шуурхай оношлох, тархалтыг хязгаарлах, хяналтад авах зорилгоор шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, төв орон нутгийн мал эмнэлгийн алба, нэгжийн чадавхийг сайжруулах шаардлага тулгарсан. Иймээс Монгол Улсын Засгийн газрын зүгээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад хүсэлт хүргүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэж хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад талархалаа илэрхийлье” гэв.

ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас Хонины цэцэг өвчинтэй тэмцэх олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төсөл юм. Төслийн хүрээнд ХХААЯ, ОБЕГ, МХЕГ зэрэг газрууд хамтарч, Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх, хяналтанд авах чадавхийг сайжруулах, стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, төв болон орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, өвчнөөс сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар сурталчилгаа хийх, оношлогоонд шаардлагатай урвалж, лабораторийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, таригдсан вакцины үйлчилгээний хөлсийг орон нутгийн мал эмнэлгийн нэгжид олгох, манай улсад үйлдвэрлэж байгаа хонины цэцгийн вакцины чанар, өвчний оношийг олон улсын лавлагаа лабораторид баталгаажуулах, дүгнэлт гаргуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм. 

Б.Туул

 

相关新闻