Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 74 дүгээр чуулган эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 74 дүгээр чуулган Швейцарын Холбооны Улсын Женев хотод 5 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ.
Энэ удаагийн болон өнгөрсөн жилийн ассамблей дэлхий дахиныг
хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас виртуал хэлбэрээр хуралдаж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нь Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын шийдвэр гаргах хамгийн дээд түвшний механизм бөгөөд ДЭМБ-ын гишүүн
194 улсын төлөөлөгч оролцдог.
Энэ удаагийн чуулганд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд сайд С.Энхболд
Номхон далайн баруун бүсийг төлөөлж Ассамблейн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон
ажиллаж байна.
6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх тус чуулганаар цар тахлын
эсрэг хариу арга хэмжээ, дархлаажуулалт, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт,
эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн эрсдэлээс хүн амыг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилтын
хэрэгжилтийн явцын тайлан зэргийг хэлэлцэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Адханом Гебрейесус чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ цар тахал эхэлснээс хойш хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө тасралтгүй ажиллаж байгаа улс орон бүрийн эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл илэрхийлж, Монгол Улсын Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Пүрэвийн Ганцэнгэлийн бодит түүхээс жишээ болгон дурдлаа.