Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн хаалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-27 17:36:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад "Рио Тинто" групп "COVID-19" цар тахлын эсрэг 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж дууслаа. 


"Рио Тинто" групп цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлж "Оюутолгой" ХХК болон НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2020 оны 10 дугаар сараас эхлэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлсэн юм.




Төслийн үр дүнг дүгнэсэн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, "COVID-19" халдварыг илрүүлэх лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд оруулж буй "Рио Тинто" группийн хувь нэмэр болон цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд тасралтгүй дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр “Цар тахлыг даван гарахад коронавирусний халдварыг илрүүлэх лабораторийн чадавхыг цаашид ч нэмэгдүүлэх шаардлагатай байгаа”-г онцоллоо.



Төслийн хүрээнд ПГУ-ын молекул биологийн цогц лабораторийг нийслэл Улаанбаатар хотод ЭХЭМҮТ, мөн Улсын II төв эмнэлэг болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо үйлчилгээний төв, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт байгуулж хүлээлгэн өгсөн юм. 

Мөн цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд эрсдэлтэй иргэдэд, тэр дундаа жирэмсэн, хөхүүл эхчүүд болон эмнэлгийн хяналтад байдаг иргэдэд зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах телемедициний багцыг Өмнөговь, Дорноговь аймгийн зарим сум болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүдэд хүргүүлсэн.  Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр хэлэхдээ, “Рио Тинто", "Оюутолгой" компани болон НҮБ-ын Хүн амын санд оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлсэнд ЭМЯ, салбарын нийт ажилчдын өмнөөс талархаж буй"-гаа мөн илэрхийллээ. 

Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Дорноговь, Өмнөговь аймгийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэгчид, лабораторийн мэргэжилтнүүд цахимаар шууд холбогдож, төслийн хүрээнд байгуулсан тоног төхөөрөмж, оношлуурыг хэрхэн хэрэглэж буйгаа танилцууллаа.




“Цар тахалтай тэмцэх энэ хүнд цаг үед бидний тусламж бага ч атугай дэм болсонд баяртай байгаа бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэний дүнд "Рио Тинто" группийн цар тахлын эсрэг сайн дурын сангаас бид дараагийн санхүүжилтээ татан төвлөрүүлж чадсан. Удахгүй цар тахлын үр нөлөөг багасгахад дэмжлэг үзүүлэх дараачийн төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж "Рио Тинто" группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал хэлэв. 

Энэ удаагийн төслийн үйл ажиллагааг хааж Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава үг хэлэхдээ, "Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа Тогтвортой хөгжлийн зорилтууд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй хүргэх зорилт 3, түүний дотор Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад энэ төсөл нэн чухал үүрэг гүйцэтгэсэн болох"-ыг онцлон тэмдэглэв. 



Тэрээр, “НҮБ-ын Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн байгууллага болох Хүн амын сангийн хувьд эхийн эрүүл мэнд, эсэн мэнд амаржихуй, энэ талын мэдээлэл, тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто", "Оюу толгойтой" компанийн хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баталгаажуулсан цаашдын хамтын санал санаачилгын үндэс суурийг тавилаа” гэдгийг мөн онцоллоо.


"Рио Тинто" группийн 1.7 тэрбум төгрөгийн хандиваар "Оюутолгой" ХХК болон Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд дараах үр дүнд хүрчээ. Үүнд:

Бүрэн тоноглосон PCR/ПГУ буюу молекул биологийн цогц лабораторийг 4 эмнэлэгт байгуулсан,

Анхан шатны эмнэлгүүдийн нийт 86 эмчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зайнаас үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн багаж хэрэгслийн багцаар хангаж, нарийн мэргэжлийн эмч нартай зайнаас холбогдон программ хангамжаар хангах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургалтад хамруулав. Үүнд:

  • Өмнөговь аймгийн 52 багийн эмч,
  • Дорноговь аймгийн 20 багийн эмч,
  • Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны өрхийн эмнэлгийн эмч хамрагджээ. 


Халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдад дэмжлэг үзүүлж, төслийн үлдэгдэл болох 4976 ам.долларын тусламжаар 560 ширхэг N95 амны хаалт, 510 багц хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгөв. Дээрх PCR лабораториудыг байгуулсан цагаасаа хойш буюу сүүлийн 3 сарын хугацаанд 30 мянга гаруй шинжилгээг хийгээд байна.



Цар тахлын үед түр хугацаанд жирэмсэн эхийн хяналтыг цахимаар явуулах удирдамжийг боловсруулах, батлуулах ажлыг дэмжив. Төслийн хүрээнд дараах эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг сургалтад хамруулав. Үүнд:

  • Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лабораторийн мэргэжилтнүүд,
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Дорноговь, Өмнөговь аймгуудын алслагдмал бүсэд амьдардаг иргэд, жирэмсэн эхчүүд, нялх хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тогтмол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг анхан шатны эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав. 

Үүнээс гадна анхны лаборатори байгуулснаас хойш буюу сүүлийн 3 сард нийслэл Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Дорноговь, Өмнөговь аймгийн нийт 40 мянга гаруй иргэдэд PCR оношилгоо, шинжилгээ болон эрүүл мэндийн зайн тусламж үйлчилгээ үзүүлээд байна. 


Гэрэл зургуудыг Н.Батбаяр



相关新闻