Прага хотын Амьтны хүрээлэн тахийн унаганд нэр өгөх аян зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек монголчуудад хандан захидал ирүүлжээ.
Тэрбээр захидалдаа, “Чех Улсын нийслэл Прага хотын Амьтны хүрээлэн тахийг
уугуул байгальд нь эргэн нутагшуулах ажлыг амжилттай хийсээр байна. Сүүлийн
арав гаруй жил БНЧУ-ын зэвсэгт хүчний агаарын цэргийн онгоцоор тахийг Монгол орны
баруун хэсэг рүү хэд хэдэн удаа тээвэрлэсэн бөгөөд саяхнаас Дорнод Монголын
Сүмийн хоолой нэртэй газарт тахийг эргэн нутагшуулах төслийг Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжүүлэхээр болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д хийсэн төрийн айчлалынхаа үеэр Прага хотын Амьтны хүрээлэнд төрсөн тахийн унаганд нэр өгсөн билээ. Дараахан нь манай амьтны хүрээлэнгийн харьяа Дивчи Храды газарт гурван эр, нэг охин унага төрсөн юм. Энэ дөрвөн унага нас бие гүйцэхэд нь Дорнод Монголын талд нутагшуулах ашдын ерөөлийг бэлгэдэн монголчууд та бүхнээс нэр өгөхийг уриалж байна. Та бүхнийг тахийн унаганд нэр өгөх манай аянд идэвхтэй оролцож саналаа ирүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээжээ.
Унаганд өгөх нэрийн саналаа takhi@zoopraha.cz хаягаар илгээх юм. Дүрмийн дагуу энэ жил төрсөн унаганы нэр “Д” үсгээр эхлэх ёстой аж. Нэрийн саналаа явуулахдаа эр унага (хаалтан дотор “M” үсгээр “male” буюу “эр” гэх) эсвэл эм унаганы (хаалтан дотор “F” үсгээр “female” буюу “эм” гэх) болохыг тодруулахаас гадна нэрийн утга, түүнийг санал болгож байгаа шалтгааныг тайлбарлан бичнэ.
Нэрийн саналыг 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд шалгаруулсан нэрийг санаачилсан иргэдэд Прага хотын Амьтны хүрээлэнгээс гарын бэлэг гардуулах аж.