Г.Баярсайхан: Улс төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хүртэлх хувь бууруулахыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-30 13:52:40

Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос өнөөдөр нийт иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд хандаж, хямралыг хохирол багатай даван туулахыг уриалав. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай уулзаж, цалингийн нэмэгдлийг хэзээгээр ямар хэмжээгээр олгохыг тодрууллаа.

-Гурван талт хэлэлцээрт тусгаснаар бол цалин нэмэх ёстой. Гэхдээ он дуустал цалин нэмэхгүй нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, цалингийн нэмэгдлийг ирэх оны төсөв рүү шилжүүллээ. Хэзээ ямар хэмжээгээр цалин хөлсийг нэмнэ гэсэн төсөөлөлтэй байна вэ?

-Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд монгол ухаанаар хандах ёстой. Аливаа нэгэн шахалт шаардлагаар асуудлыг шийдэхгүй нь тодорхой. Монгол Улсын Засгийн газар цалин нэмэх асуудал бол хамгийн чухал гэдгийг ухамсарлаж байгаа. Тиймээс ч улстөрийн өндөр албан тушаалтны цалинг 25-30 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Бид ирэх жилийн улсын төсөвт цалин нэмэх асуудлыг тусгаж оруулна. Төсөв хэлэлцэх үеэр цалингийн нэмэгдлийн асуудал илүү тодорхой болно.

-Ерөнхий сайд улстөрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах саналтай байгаагаа Сангийн сайдад уламжилсан. Хөдөлмөрийн сайдын хувьд тус саналыг хэрхэн хүлээж авав?

-Зөв ш дээ. Улс орнуудын жишгийг харж байхад хямралын үед улсынхаа сан хөмрөгт иргэд нь байгаагаа хандивлаж байсан тохиолдол  цөөнгүй гарч байсан. Үүнтэй агаар нэг шүү дээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед улстөрийн өндөр албан тушаалтнууд эерэг талаас нь нэмэр больё гэдэг үүднээс ийм шийдвэрийг Засгийн газар гаргасан гэж ойлгож байгаа. Энэ шийдвэрийг би дэмжиж байна.

-Бид өмнө нь ажлын байрыг нэмэх тухай ярьдаг байсан. Харин одоо ажлын байрыг хадгалах тухай  ярьж байна. Гэтэл өнөөгийн түвшинд хувийн хэвшлийнхэн тасралтгүй цомхотгол явуулсаар байна. Салбарын яам энэ тал дээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Хувийн хэвшлийн байгууллагууд өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж, зарим нь хаалгаа барих, цалингаа бууруулах, орон тоогоо цомхотгож байгаа нь үнэн. Иймээс Хөдөлмөрийн яамнаас таван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ажил олгогч эзэд, залуучууд, ахмад настан, малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэх гэж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Эдгээр хөтөлбөр нь ажлын байрыг хадгалахад чиглэсэн ажил үйлчилгээ юм.


Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻
注释