Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу Рейлбусаар зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-22 11:27:21

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нар нийслэл орчмын төмөр замын зорчигч тээврийг хөгжүүлэх, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр талууд “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах, хотын төвөөр дайран өнгөрөх төмөр замаар тээвэрлэж буй ачаа тээврийн хэмжээг багасгах, нийслэлийн “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар хотын дундуур өнгөрөх төмөр замыг хос болгон өргөтгөх замаар хотын ойролцоох Налайх, Партизаны суурин газруудыг дэд бүтэцтэй холбох зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.

Мөн санамж бичигт Хөшигийн хөндийд шинээр ашиглалтад орох Олон Улсын нисэх буудал-Улаанбаатар хотын хооронд хурдан галт тэрэг  Рейлбус  аялуулах, засвар үйлчилгээний бааз байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийг төмөр замын тээвэртэй уялдуулж авто замын ачааллыг багасган түгжрэлийг бууруулж, Толгойт-Амгалан өртөөдийн хооронд хос төмөр зам тавих, төмөр замын дагуу автобус нийтийн тээврийн зогсоол бүхий платформ байгуулахаар тусгажээ. Ингэснээр Налайх, Эмээлт, Өлзийт, Нисэх орчмын иргэд Төв аймгийн Хөшгийн хөндийн байрлах олон улсын нисэх онгоцны буудал руу хөнгөн галт тэргээр зорчих боломжтой болох юм.

Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар ярихдаа, "Санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын автозамын тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан гарцуудыг бий болгох үүднээс Нийслэлийн “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ыг өргөтгөн цогцолбор байгуулан төмөр замын урд хойд талыг холбосон шинэ явган гарц бий болгоно.  Улаанбаатар хотын баруун хэсэгт орших авто цогцолборыг түшиглэн салбар төмөр зам барьж, ложистик үйлчилгээний төв байгуулах, хотын төвөөр аюултай ачаа тээвэрлэхгүй байх тухай захирамж гарсантай холбогдуулж төмөр замын Багахангай өртөө орчимд аюултай ачааны терминал байгуулах зэргийг ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлж эхний үе шатыг 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын төслүүд 2030 гэхэд бүрэн хэрэгжинэ" гэлээ.

 Б.Заяа

相关新闻