Л.Баттөр: Халдварын тархалт ихсэх тусам вирус мутацилагддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-06-16 18:45:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вирус нэг хүнээс нөгөөд тархахдаа хувирч өөрчлөгддөг. Тархалт ихсэх тусам вирус мутацилагдах нь элбэг болохыг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Вирус хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран судалж байгаа аж. Эмчилгээний хувьд эмнэлгийн орны хүрэлцээ, бусад хүчин зүйлээс хамааран, явуулын цэгээр, гэрээр тусламж үзүүлэх тактикт шилжин, вирусний үндсэн эмчилгээ, шинж тэмдгийн хавсарсан эмчилгээ хийж байгаа аж.


"Вирусний ямар ч төрлийн мутацийн үед баримтлах эмчилгээний дэглэм ижил төстэй байгаа. Мутаци нь вакцины үр дүнг сулруулах, вакцинаас дайжих нөлөө үзүүлж байдаг. Ямар вакцин хэрэглэснээс үл хамаарч, үр дүн муу бавйал 3 дахь тунг хийх талаар ярьж байгаа. Вакцины дүнд үүсгэж байгаа дархлал 6 сар, нэг жил эсвэл насан туршид нь дархлаа тогтож байгааг мэдэх аргагүй байгаа. Судалгаанд тулгуурлаж хариу гарна” гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.


Энэ сарын 15-наас халдварын тархалт багасах тооцоолол гаргасан ч нөхцөл байдал санасан хэмжээнд хүрээгүй нь олон шалтгаантайг Л.Баттөр тайлбарлав.


Тухайлбал, вакцин хийлгээд 14 хоновол халдвар авахгүй гэсэн ташаа ойлголт, орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээснээр хөл хөдөлгөөн ихэссэн, амралт зугаалгын улирал эхэлсэн, Ерөнхийлөгчийн сонгууль, шагнал гардуулах үйл ажиллагаа олон өдөр үргэлжилсэн зэргийг дурдлаа.


Иргэд вакцины үр дүнд эргэлзэж байгаа ч судалгаагаар дэлхий нийтэд хэрэглэж буй вакцин тус тусын нөлөө үзүүлж байгаа үр дүн гарсныг тэрбээр нэмж хэлсэн юм. 

相关新闻